Д.Сэржмядаг охин ор сураггүй алга болоод дөрвөн жил 30 хонож байна. Тэрбээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын II сургуульд сурдаг байв. Д.Сэржмядаг сураггүй алга болох үедээ 130-150 см өндөртэй, цэнхэр дотортой, ягаан өнгийн даавуун куртик, ягаан өнгийн сурагч цүнхтэй, сурагчийн дүрэмт хувцастай, хар өнгийн ноосон өмд, хүрэн өнгийн урт түрийтэй гуталтай явсан гэдэг. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсан боловч одоог хүртэл сураг ажиг гараагүй билээ. Сүүлийн үед охиныг эрэн хайх ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа талаар түүний ээж Б.Хоролмаатай холбогдож, цөөн хором ярилцсан юм.-Сүүлийн үед охиныг хайх эрлийн ажиллагаа хэрхэн үргэлжилж байна вэ. Цагдаагийн байгууллагаас та бүхэнд мэдээлэл өгсөн үү?-Эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа гэсэн. Би сүүлийн үед цагдаа нартай уулзаагүй байгаа. Шалгалтын ажиллагаа хэрхэн яаж үргэлжилж байгаа талаар бидэнд мэдээлэл өгөөгүй байна. Тийм учраас эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна. Охиныг минь хайх ажлын хэсэг олон удаа солигдсон. Өнгөрсөн хугацаанд Эрээний цагдаа нар манай цагдаа нартай хамтарч ажилласан. Тэгэхдээ “Хилээр гарсан ул мөр байхгүй” гэх мэдээллийг бидэнд өгсөн. Үүнээс өөр тодорхой мэдээлэл байхгүй.Танай гэр бүлийн зүгээс цагдаа нараас гадна сураг чимээ тавьж байна уу?-Бид лам, бөө, үздэг, мэргэлдэг хүн дээр очихоос өөрийг хийж чадахгүй юм. Өнгөрсөн хугацаанд маш олон хүнд үзүүлсэн.-Хамгийн сүүлд хэзээ лам, бөөд хандсан бэ?-Бидэнд очиж үзүүлээгүй лам, бөө гэж бараг байхгүй байх. Тэд ихэнх нь “Амьд байна, хилээр гарчихсан байна, автомашинаар мөргөчихөөд аваад явсан байна” гэж хэлдэг. Хамгийн сүүлд өнгөрсөн наймдугаар сард зурхайч, ламд очиж үзүүлсэн. Гэтэл охиныг минь “Хилийн цаана амьд байна. Эргэж ирнэ. Гэхдээ хугацаа нь болоогүй байна” гэсэн. Түүнийг сонсоод их баярлаж, охин минь ороод ирэх юм шиг итгэл найдвар төрж байгаа. Гэхдээ ү.хэн ү.хтлээ охиноо хүлээх байхдаа хэмээн урам хугарах үе ч байна. Хэрвээ охин минь амьд бол хаана байгаагаа, юу хийхээ мэдэхгүй айж, сандраад биднийгээ ямар их санаж байгаа бол гэхээс зүрх, сэтгэл урагдах шиг болдог. Бидэнд охинтойгоо уулзана гэх маш их итгэл найдвар байгаа учраас монголын цагдаа нар сайн, нягталж шалгаад, эрж хайгаад охиныг минь олоод өгөөч гэж гуйж байна. Охиныгоо өвөр монгол айлд мал маллаж байж магадгүй гэж боддог.Танайхыг Улаанбаатар хотод шилжиж ирсэн гэж сонссон. Хэзээ ирсэн бэ?-Өнгөрсөн оны есдүгээр сард хотод нүүж ирсэн. Одоогоор Гандангийн нийтийн байранд байр түрээслэн амьдарч байна. Би “Хархорин зах”-д хүний лангуун дээр өдрийн 20 мянган төгрөгийн цалинтай суудаг. Нөхөр минь төмөр замд ажиллаж байгаад эрүү мэндийн шалтгааны улмаас ажлаасаа гарсан. Одоо хувийн компанид ажиллаж байгаа. Том охин тусдаа гарчихсан. Удаахи нь оюутан, бага нь гандангийн сургуульд сурдаг. Хүүхдүүдээ гэрээсээ хол сургуульд явуулахаас их айдаг. Дөрвөн жилийн өмнө мэдэрсэн айдас одоо хүртэл арилаагүй байгаа.-Та бүхэнд охиноо дурсан санахгүй өдөр, хоног гэж үгүй шүү дээ. Хамгийн сүүлд хэзээ зүүдэндээ охинтойгоо уулзсан бэ?-Аравдугаар сард охиноо өндөр болчихсон байгаагаар зүүдэлсэн. Би охиноосоо яагаад, яаж явсан талаар асуутал “Намайг вагонд суулгаж авч явсан” гэж хэлснээс өөр зүйл санаанд орохгүй байгаа. Аав нь бас байн, байн зүүдэлдэг. Харин саяхан эгчийнхээ зүүдэнд доголж яваагаар орсон гэсэн. Тэгэхээр охин минь алга болдог өдрөө автомашинд мөргүүлсэн байж магадгүй. Ингээд л бид зүүдэлж, санаж дурсаад л суудаг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд юу болж өнгөрснийг бодох санах сөхөөгүй байлаа. Маш хурдан юм шиг мөртлөө удаан өнгөрсөн байна.Ergelt.mn-Танайх Замын-Үүдийнхээ хашааг зарчихсан юм уу. Тэнд танай хамаатнууд бий юү?-Тиймээ, хямд үнээр яаралтай зараад өрөө дарж, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрт нэмэрлэсэн. Тэр хашаанд бидэнд мэдээлэл өгөхөөр хүн байхгүй. Суманд хамаатан саднууд бий. Бид цаашид хотод амьдрах бодолтой байгаа.-Та охиныгоо алга болдог өдөр утсаар ярьж чадаагүйдээ их харамсаж, бачуурдаг байх даа?-Тэгэлгүй яах вэ. “Яагаад утсаар ярих нөхцөл бүрдээгүй юм бол” гэж хэнд ч юм хачин их харамсдаг, бүр харамсаад ч барахгүй шүү дээ. Тэр үед утасны цэнэг дуусаагүй байсан бол бид хагацахгүй, амьдын та.мд унахгүй байх боломжтой байсан. Тэр өдөр миний, бидний аз, хувь заяа тийм их дутсан юм байлгүй дээ.