Uncategorized

Ч.ДЭЛГЭРЦЭЦЭГ: ХҮҮХДИЙН ТОЛГОЙ ӨГЛӨӨГҮҮР ӨВДӨЖ, БӨӨЛЖӨӨД БАЙВАЛ ТАРХИНЫ ХОРТ ХАВДРЫН ШИНЖ ТЭМДЭГ БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ

Сүүлийн жилүүдэд хүүхдийн хорт хавдрын өвчлөл нэмэгдэх болсон талаар сэтгэл өвтгөм мэдээллүүд үр хүүхэдтэй хэн бүхний санааг чилээх болсон. Тоглож наадан, үе тэнгийнхэнтэйгээ мөр зэрэгцэн суралцаж байх насандаа хүнд өвчинд шаналж буй хүүхдүүдийг харсан эцэг, эхчүүд хорт хавдар үүсэх шалтгааныг олон янзаар тайлбарлах нь бий. Тэгвэл хүүхдийн хорт хавдар, шинж тэмдэг, урьдач хүчин зүйлс зэргийн талаар ЭХЭМҮТ-ийн цусны хавдар судлалын тасгийн эрхлэгч Ч.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа. -Олон нийтийн дунд сүүлийн жилүүдэд хорт хавдраар өвчлөх хүүхдүүдийн тоо эрс нэмэгдэх болсон талаар ярих боллоо. Тоон үзүүлэлтээс харахад хорт хавдраар өвчлөх хүүхдүүд ихэссэн үзүүлэлттэй байна уу. Эсвэл энэ байдлыг өөрөөр тайлбарлах уу?Мэдээллийн урсгал илүү хурдан, сошиал сүлжээ хөгжсөнтэй холбоотойгоор хүүхдийн хорт хавдрын талаарх мэдээлэл нь илүү ил болж байна уу гэж харж байгаа. Монголд гэлтгүй дэлхий нийтэд хүүхдийн хавдар нэмэгдэх хандлагатай байна. Үүнийг олон янзаар тайлбарладаг. Нэгдүгээрт, оношлогоо, үйлчилгээ, чанар, мэдээлэл, хавдрын илрүүлэлт эрт үедээ ихсэж байгаатай холбон тайлбарлаж болно. Нөгөө талдаа хотжилт түүнийг дагасан стресстэй нийгэмд шилжсэнээр хорт хавдрын тохиолдол ихсэж байх талтай юм. -Эцэг, эхчүүд хорт хавдрын өвчлөлд ямар шалтгаан, хүчин зүйл нөлөөлөөд байна вэ гэдэгт хариулт авахыг их хүсдэг шүү дээ? -Хүүхдийн хавдрын 90-95 хувийнх нь шалтгаан тодорхойгүй байдаг. Таван хувь нь генетикийн мутацитай холбоотой байж болзошгүй гэж үздэг. Дэлхийн шинжлэх ухаанд хүүхдийн хавдар юунаас болж, ямар шалтгааны нөлөөллөөр үүсгэгдэж байгааг бүрэн таниагүй байна. Насанд хүрэгчид болон хүүхдийн хавдрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Насанд хүрэгчдэд тохиолддог хавдар хүүхдэд зонхилон тохиолдохгүй байж болно. Энд хүүхдийн дархлааны асуудал яригдана. Дархлаа гэдэг бол энгийн зүйлээс л эхэлнэ шүү дээ. Эрт босох, амьдралын өдөр тутмын хэв маяг нь эрүүл л байх ёстой гэдгийг л хэлээд байгаа юм.Ер нь эцэг, эхчүүдийн дунд идэж буй хоол хүнс, агаар хөрсний бохирдлоос шалтгаалан хорт хавдар үүсч байна гэх ам дамжсан “явган” яриа байдаг шүү дээ? -Жилд дунджаар 100 гаруй хүүхэд хорт хавдар өвчнөөр шинээр оношлогддог. Үүний 50 хувь нь хөдөө, орон нутгаас, 50 хувь нийслэлээс оношлогддог. Манай улсын хүн амын суурьшлын хувьд харахад Улаанбаатар хотод дийлэнх нь амьдардаг. Үүнээс хүүхдийн хавдрын өвчлөл хот, хөдөөнөөс шалтгаалахгүй байгааг харж болно. Нийслэлд агаарын бохирдлоос болж хүүхдийн хавдар үүсэхэд 100 хувь нөлөөлж байна гэх нотолгоо болохгүй. Харин хавдар тусчхаад хүндрэх эрсдлийг агаарын бохирдол үүсгэж байж болох юм. Мэдээж хийжүүлсэн ундаа, чипс зэргийг биед хэрхэвч сайн биш. Гэхдээ эдгээр нь хорт хавдар үүсгэж байна гэдгийг баталсан газар ч байхгүй. Харин яваандаа сахар, ясны сийрэгжилт, ходоодны шарх үүсгэж болно. Ер нь цэцэг, эхчүүд хүүхдээ эрүүл бүхнийг таниулах тал дээр нэлээн мэдлэгтэй болсон.Ямар ч өвчлөлд эрт оношлогоо маш чухал нөлөөтэй. Ер нь нэг үеэ бодоход эцэг, эхчүүд ч энэ талаар ойлголт, урьдчилан сэргийлэх дадалтай болсон гэж харагддаг. Бодит байдал дээр манайд эрт илрүүлэг хэр төвшинд байна гэж харж байна вэ? -Хүүхдээ шинж тэмдэг илэрсэн цагаас нь анзаарах хэрэгтэй. Хүүхдийн хавдрын тухайд эрт оношлогоо чухал. Хүүхдийн хавдрын үед хүүхдэд эрт илэрдэг шинж тэмдгүүдийг мэддэг байвал эмнэлэгт түрүүлж хандана гэсэн үг. -Хорт хавдар өвчнийг хожуу үедээ оношлуулах тохиолдол хэр их байна вэ? -Бүх хүүхэд хожуу үедээ илэрч, эмнэлэгт хандаж байна гэвэл нэг талаараа өрөөсгөл ойлголт. Эрт үед нь илэрсэн шинж тэмдгүүдийг тоохгүй явсаар хожуу илрэх тохиолдол байгаад байгаа юм. Тухайлбал, өсвөр насныхан ихэвчлэн хожуу үедээ хавдраар оношлогдож ирдэг. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Бага насны хүүхдэдээ эцэг, эхчүүд илүү анхаардаг. Эцэг эхийн өврөөс гарч, сургууль орох үед нь өглөө гараад орой ирж буй хүүхдээ анхаарах тал дээр хяналт буурчихдаг талтай. Ялангуяа өсвөр насны хүүхэд өглөө хичээлдээ яваад хоол ундаа өөрөө зохицуулдаг болчихдог шүү дээ. Тиймээс эцэг, эхчүүд сургуулийн насны хүүхдүүдээ ч анхаарах шаардлагатай. Хүүхдийнхээ эрүүл мэндэд хамгийн ойр байдаг хүний хувьд эцэг, эхчүүд анхаарал хандуулах шаардлагатай талаар та ярьлаа. Тэгвэл хорт хавдрын үед хүүхдэд илрэх шинж тэмдгийн тухайд? -Хүүхдээ ядарч сульдаж, бие махбодод нь эмнэлзүйн хувьд өөрчлөлтүүд гарч байна уу гэдгийг сайн анзаарах нь чухал байдаг. Өглөөгүүр толгой нь өвдөж, бөөлжөөд байвал тархины хорт хавдрын шинж тэмдэг байхыг үгүйсгэхгүй. Хүүхдийн хавдрын илрэх ерөнхий шинж тэмдэг нь их энгийн байдаг юм. “Хүүхдийн хорт хавдрын эрт оношлогоонд хамгийн үр нөлөөтэй хүмүүс нь эцэг, эхчүүд байдаг” -Бага насны хүүхдийн хорт хавдрын өвчлөл дунд ямар хавдар зонхилдог вэ? -Хүүхдийн хавдар дунд цусны, тархины болон бусад хавдар зонхилдог. -Хорт хавдрын эмчилгээг манай улс дотооддоо хэр хугацаанд эмчилж байна вэ? -Манай тасаг 35 ортой. Жилд 100 орчим хүүхэд шинээр оношлогддог. Ээлж ээлжээр эмчлэгдээд л гардаг. Нэг хүүхдийн эмчилгээ хамгийн багадаа 5-6 сар үргэлжилдэг. Түүнээс даваад 2-3 жил үргэлжлэх нь ч бий. Энэ нь хавдар хавдраасаа шалтгаалан харилцан адилгүй байдаг гэсэн үг. Мэдээж хавдар нэгэнт үүссэн бол хурдтай байдаг. Зарим хавдар амьдрах чадвар, эмчилгээ сайн авдаг байхад зарим нь эмчилгээ муу авдаг, тавилан муутай хавдар ч тохиолдох нь бий.Хорт хавдрын эмчилгээний дараах үе шатанд эцэг, эхчүүд хэр анхаарч чаддаг вэ? -Эмч, эмнэлгийн зүгээс бүх талын зөвлөгөө өгч, эмчилгээ нь үр дүнтэй байгаасай гэж хүснэ шүү дээ. Зөвхөн 5-6 сар эмчлээд эмчилгээ дууссан гэсэн үг биш. Зарим эмчилгээг гэрээр шилжиж 2-3 жил үргэлжлэх нь бий. Гэртээ гарчхаад уух ёстой эмээ таслах, сайн гэсэн олны ам дагасан эм бэлдмэл авч хэрэглэх тохиолдол ч түгээмэл. -Хорт хавдраас урьдчилан сэргийлэх тал дээр эцэг, эхчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ? -Буруу хооллолт, баталгаагүй, чанаргүй бүтээгдэхүүн ямарч өвчний эх үүсвэр болдог. Тиймээс хүүхдээ эрүүл саруул өсгөж, бойжуулах нь эцэг, эхчүүдийн үүрэг. Тэр тусмаа сургуулийн насны хүүхдүүдэд хандуулах анхаарлаа бүү сулруулаарай гэж зөвлөе. Боловсролтой хүн болгох нь чухал хэдий ч эрүүл мэнд түүнээс илүү чухал. Эцэг, эхчүүд 0-3 насанд нь илүү анхаараад өсвөр насанд нь анхааралгүй орхих гээд байдаг талтай. Хамгийн их анхаарал хандуулах ёстой нас нь сургуулийн нас байдаг. Тиймдээ ч эцэг, эхчүүд бол хүүхдийн хорт хавдрын эрт оношлогоонд хамгийн үр нөлөөтэй хүмүүс гэдгийг байнга хэлээд байгаа хэрэг. Хооллолт, эрүүл мэндийн зөв дэглэмтэй байх, хичээл сургууль амралтыг нь зөв зохицуулах шаардлагатай. Ярилцсанд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *