Uncategorized

Цагаан сарыг угтах үдшийг тэмдэглэхийг “битүүлэх” гэдэг БИТҮҮЛЭХ ЁСОН

Сар гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг “битүүн” хэмээн нэрийддэг. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ. Өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг байна.

Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засаж, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай. Битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засаж дээр нь битүүлгээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой. Гурван марал одонд идээ өргөж битүүлгээ хөндөнө.

Цагаан сарын идээг онцгой хүндэтгэлтэйд тооцдог. Битүүний зоогт эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу, өвчүү байдаг. Хонины бүтэн махыг гэрийн эзэн эхэлж есөн хөндлөнг (толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөж эхлээд галдаа, дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүстээ тараана. Тавиас дээш настанд архи хүртээдэг учиртай. Битүүлгийн идээ будаанаас идэж, ёслол дууссаны дараа үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, буга нуух, хорол зэндмэн эвлүүлэх зэргээр тоглодог.

Энэ үдэш мал хуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулахыг цээрлэнэ. Мөн хүн халуун бүлээсээ тасарч айлд хонох, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, хувцсаа гадаа хонуулах, хоосон сав байлгах, өлөн зэлмэн байхыг цээрлэнэ. Бүтэн байхын учир нь битүүний цээр хийгээд зан үйлд бий.

Монгол түмний төрт ёсны их баяр цагаан сарын өмнөх өдөр буюу өвлийн адаг хөхөө сарын гучин, үдэж байгаа оны эцсийн үдэш. Энэ шөнө тэнгэрт сар битүүрч харанхуй болно. Битүүнээс өмнө өмсөх дээл, унах морио бэлдэж, хот хороо, гэр орноо цэвэрлэж, эмэгтэйчүүд үс гэзгээ гоёж эцэст нь зуухныхаа үнсийг авдаг. Энэ орой баруун хатавчиндаа гурван ширхэг мөс тавьдаг. Энэ нь хонгор халзан луус унаж гарын хурууг имрэх зуурт дэлхий ертөнцийг тойрон айл гэрийн сүлд хийморийг тэтгэж аз жаргал, сайн сайхныг хүн бүрт түгээж явдаг Балданлхам бурхны унааг услахыг бэлгэддэг. Тотгоны голд сайн зүгийн тэнгэр бурхны гэрт орох замыг нээж цэгээн чулуу тавина. Буг чөтгөр айлын буруу үүдээр ордог хэмээн буруу бүслүүртээ харгана хавчуулдаг ёсон бий.

Нутаг нутгийн заншлууд өөр байдаг ч түүхэнд тэмдэглэгдсэнээр битүүлгийн шүүсэнд эрүүг нь заагаагүй толгой эсвэл өвчүү байна. Хэрэв өвчүү чанавал өөд харуулан тавьж дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтос тавина. Толгой чанаваас аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино, сармис зуулгаж гургалдайны түрийтэй үзүүрийг толгойнхоо ард тавьж гургалдайгаар нар зөв ороож сэмжээр нь бүтээн дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтосны аль нэгийг тавьж ёслон битүүлдэг байна. Толгойг гэрийн эзэн тагнайнаас нь, эзэгтэй эрүүнээс нь татаж “Нэг амьтай боллоо” хэмээн хэлэлцэж эрүүг нь зааснаар битүүг эхлүүлдэг байна. Ийнхүү битүү гаргах ёслолоо хийсний дараагаар хуучин оныг битүүлэн үдэх, шинэ оныг угтах бэлгэ дэмбэрэлээр битүү чанасан толгойн шөлөндөө хөц буюу бууз, банш зэргийг битүү хоол битүүртлээ идэх учиртай.

Энэ үдэш тэнгэрт анхны од харагдах үед цагаалгын идээ, битүүлгийн шүүс зоогийг засаж эхлэх ёстой байдаг. Эн тэргүүнд бурхандаа ураг сүүл, дал дөрвөн өндөр, хонтой шаант, хош, таваг идээ, боов зэргээр нэг, цагаан идээгээр өөр нэг таваг бэлдэж хоёр таваг засна. Битүүлэх ёсны салшгүй нэг хэсэг нь тоглоом наадай. Эртнээс эдүгээг хүртэл уламжлагдан ирсэн үндэсний тоглоомын нэг нь шагайгаар тоглох төрөл бүрийн тоглоом юм. Ахмадууд нь үлгэр домог ярьж, хүүхэд багачууд морь, тэмээ уралдуулж, хорол зэндмэни эвлүүлэх, алаг мэлхий өрж тоглодог. Дашрамд дурьдахад, шагайгаар үргэлж наадвал хүний гар хурууны яс бэхэждэг төдийгүй ясны сийрэгжилт өвчин тусдаггүй байна.

Б Цагаан сарын үеэр “би битүүрэх гэж явна”, “сайхан битүүрээрэй”, “сайхан битүүрэв үү” гэх яриа сонсогддог. Бас “Цагаан сараар манай монголчууд битүүртлээ иддэг заншилтай гээд чи наад гадаадын хүндээ орчуулаад өгөөдөх” гэж дахин дахин шалж, нүүр улайлгана. Тэгвэл “битүүрэх” гэж юу гэсэн үг вэ? Бас цагаан сарын “битүүн” гэдэг нь ямар учиртай үг вэ? Энэ нийтлэл нь эдгээр үгсийн утгыг мөшгих зорилготой, харин одон орон хийгээд зурхайг судлахыг зориогүй юм.

Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар тольд” “битүүрэх” гэдгийг “бөглөрөх, битүү болох” гэж тайлбарласан байна. Харин “битүүлэх” гэдгийг уг тольд “билгийн улирлын 12-р сарын битүүний оройн цаг, өнгөрөх жилийг үдэж, маргаашийн цагаан сарын шинийн нэгнийг угтах ёс гүйцэтгэх” хэмээн тайлбарласан байна. Мөнөөх тольд “битүүн” гэдгийг “билгийн улирлын сар тутмын гучны өдөр” гэсэн байна.

Эндээс үзвэл цагаан сарыг угтах үдшийг тэмдэглэхийг “битүүлэх” гэдэг юм байна. Харин “битүүрэх” гэж огт хэлдэггүй байх нь. Тэр тусмаа “битүүрэх, битүүртлээ идэх” гэсэн ойлголт огт байхгүй аж. Мөн “битүүн” гэж цагаан сарын өмнөх төдийгүй ер нь сар бүрийн төгсгөлийн хоногийг хэлдэг юм байна.

Тэгэхээр “битүүн”, “битүүлэх” гэдэг маань огторгуйн үзэгдлийн нэр болохоос, идсэн хоолондоо битүүрэхтэй ямар ч хамаагүй юм байна.

Бид хэдийг хүртэл буруу ярьж, зөв ойлгодог хэмээн өөрсдийгөө өмөөрөх вэ. Монгол хэл, Монгол соёлоо хайрлаж хүндэтгэж, буруу үгээр ярихаа болих цаг үе нь ирээд байна. “Битүүрэх” гэсэн даажигнал шиг этгээд яриагаа орхиод “битүүлэх”, “сайхан битүүлсэн үү” гэхчилэн зөв ярьж хэвших нь Монгол хэл, соёлоо хайрлаж, хүндэтгэхийн нэгэн жишээ болох болов уу? Та бүхэн сайхан шинэлээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *