Uncategorized

САЙН ААВ-аа эргэн дурсахуй: “Одоо та нар минь дулаахан газар байгаа юм чинь би явлаа

Таксины жолооч хийдэг, таван хүүхэдтэй эгэл жирийн эрийн тухай нэвтрүүлэг цацагдаж, олон хүнд амьдралын утга учрын тухай дахин бодох сэдэл төрүүлж билээ. Өглөө таксиндаа гараад, орой үр хүүхдүүддээ очих гэж яардаг, тэднийхээ инээд баяслаар амьдралаа чимж явдаг сайхан сэтгэлт, “мундаг сайн аав” Т.Даваасүрэнгийн тухай өдгөө мэдэхгүй хүн гэж үгүй. Харамсалтай нь тэрээр өнгөрсөн жил бурхны оронд зуурдаар мордож, хань Д.Амаржаргал нь таван хүүхдийнхээ хамт хоцорсон билээ.Түүний хань болон үр хүүхдүүд фэйсбүүк хуудсаараа дамжуулан хайртай аавынхаа араас гүн эмгэнэл илэрхийлсэн даруйд “Шинэ Толгойт” орон сууцжуулах хөтөлбөр төслийн хамт олон Т.Даваасүрэн агсны гэр бүлд хоёр өрөө байр өгөх болсноо зарлаж, араас нь гайхамшигт үйл явдлууд шил шилээ даран өрнөсөн билээ.“Мундаг сайн аав”-ын гэр бүлийнхэн он гарахын өмнөхөн шинэ байрандаа нүүн оржээ. Бид энэ удаа инээд, баяр халгилсан таван хүүхэдтэй Д.Амаржаргалынхаар зочилж ярилцсанаа уншигчиддаа толилуулж байна. Д.Амаржаргал “Олон сайхан мэдээ бий, ханийн минь төлөвлөж байсан бүхэн биелж байна” хэмээн биднийг найрсгаар угтлаа.-ХАНИЙН МИНЬ САЙХАН ЭНЕРГИ БИДНИЙГ ДАГААД Л БАЙДАГ ЮМ–Шинэ онтой зэрэгцээд шинэ байрандаа оржээ. Инээд хөөр бялхаад, хүүхдүүд тань их баяртай байгаа бололтой?Тийм ээ. Бид чинь байрандаа төөрөөд л байна шүү дээ (инээв. сурв). Эд маань хоёр өрөөндөө охид, хөвгүүдээрээ хуваагдаад л тоглоод байна.-Таны ачааг нилээд хөнгөлсөн байх?Тийм ээ. Өдөртөө нүүрс түлээ, ус зөөхөөс эхлээд ажил мундахгүй байлаа. Орой ажлаа тараад харьж явахдаа гэрт хэдэн хүүхдүүд маань устай байгаа болов уу, нүүрс түлээ нь дуусаа болов уу гээд санаа зовдог байсан, одоо сэтгэлд их амар байна. Хүүхдүүд маань баяр хөөр ихтэй, сайхан байна аа.Шинэ жилээр хэрхэн баярлав аа?12 дугаар сарын 30-ны өдөр нүүж ирчихээд, өөр өөр өрөөнд унтах гэтэл их инээдтэй юм болсон. Бие биенээ дахин дахин гарч ирж үнсэцгээгээд л, орчлонд хол тасарчих гэж байгаа юм шиг л (инээв. сурв). Хуучин гэрт бие биенийхээ царайг хараад л, ойрхон унтацгаадаг байсан болохоор их эвгүй юм, ядаж хаалгаа онгорхой унтъя гэж билээ. Гэтэл үүрээр би нэг зүүд зүүдэллээ. Миний хань нэг их гоё том захиа үлдээгээд “Та нар минь одоо дулаахан газар байгаа юм чинь би явлаа” гээд явж байна гээд зүүдэлсэн. Би уйлчихсан сэрсэн. Өглөө нь босоод өөрийнхөө фэйсбүүк хуудасдаа “Өглөө гунигтай, бас баяртай сэрлээ” гээд сэтгэгдлээ бичтэл нэг эгч санаандгүй хараад таван хүүхдэд маань шинэ жилийн бэлэг гээд энэ том зурагт өгсөн. Бид хэд чинь их дээр үеийн телевизтэй байсан юм аа (инээв. сурв).Өмнөговийн “Асартайн говь” гэдэг компанийн ажилтан, тэр сайхан сэтгэлтэй эмэгтэйн хадам ээж нь яг 31-ний өдөр өнгөрч байсан гэнэ лээ. Тэр ээж өөрөө таван сайхан хүүхэдтэй хүн байж. Ингээд л охин нь ээжийгээ дурсаж, таван хүүхдэд туслая гэж бодлоо гээд ирсэн. Энэ ярилцлагыг далимдуулан түүнд баярлалаа гэж хэлье. Ханийн минь сайхан энерги биднийг дагаад л байдаг юм-Байртай боллоо гэхэд их олон хүн баяр хүргэж, туслахаа илэрхийлж байсан шүү дээ?\Тийм ээ. Бас “Амур” хөшигний дэлгүүрт баярлалаа гэж хэлмээр байна. Биднийг байр авлаа гэхэд бидэн рүү “хэдэн цонхтой юм, бүх цонхондоо хөшиг аваарай, байраа өгсөн үү, хэзээ хөшгөө авах гэж байна” гээд л байнга утастдаг. Саяхан очоод хэмжээгээ өгөөд хөшгөө авчихсан. Одоохондоо тогтоож амжаагүй, эрэгтэй хүний алх, сүхний ажлыг арай л хийж амжихгүй яваад байна (инээв. сурв). Мэдээж би бидэнд байр өгсөн “Стандарт проперти” компанид дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа гэдэг үг багадаж байна шүү дээ. Таван хүүхдийн зарлага өндөр, охин маань сургуулиа төгсөж байна, хүү ч удахгүй төгсөнө, сургалтын төлбөр төлнө. Үүний хажуугаар байр авах асуудал ярих боломжгүй байсан.Гэтэл бидэнд хоёр өрөө байрны түлхүүр зүв зүгээр л бэлэглэчихсэн. Хүүхдүүд маань тэдэнд зориулж захиа бичсэн. Шинэ оны бэлгийн захиа бичиж, зураг зурсан. Одоохондоо өгч амжаагүй л байна. Тэднийг ажилдаа орохоор өгнө дөө. Эд маань үүдэн дээр нь наачихъя гээд яараад байгаа юм.ЯГ Л ТЭНДЭЭСЭЭ ӨӨРӨӨ ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ ШИГ БҮХ МӨРӨӨДӨЛ НЬ БИЕЛЭЭД БАЙНА-Танай том охин аавынхаа талаар, танай гэр бүлийн талаар хийгдэж буй “Сайн аав” кинонд тоглож байгаа гэсэн. Энэ талаар сонирхуулахгүй юу?Би ханийхаа тухай уран сайхны, төгс кино биш юмаа гэхэд ядаж л өөрийнх нь тухай, бидний гэр бүл яаж амьдарч байсан тухай бяцхан кино хийхсэн гэсэн бодолтой байсан. Гэтэл “Prostar” гэдэг студи бидэнтэй хамтарч, С.Бүжин найруулагч зохиолыг нь өөрөө бичиж эхэлсэн. Энэ хугацаанд найруулагч маань надтай хоёр гурван удаа уулзаж, ярилцсан. Бүхэл бүтэн 16 жилийн амьдрал юм чинь зохиол бичихэд ч нилээдгүй хугацаа шаардагдсан. Ингээд оны өмнө “Fill” студитэй хамтран зургандаа гарч дуусгасан. Манай охин гол дүрд нь, өөрөө өөрийнхөө дүрд тоглож байгаа. Сувдын Баттулга ханийн минь дүрд, миний дүрд Маскын Жавхаа тоглож байна. Ийм сайхан уран бүтээлийн түүхтэй 2016 оныг үдэж байна. Зураг авалт дуусчихсан тул нэгдүгээр сарын 20-ны өдөр нээлтээ хийхээр төлөвлөгдсөн, тэр өдрийг тэсэн ядан хүлээж байна. Маш сайн уран бүтээл болж байгаа. Кино групп маань өдөр шөнөгүй нойр хоолгүй, 45 хэмийн хүйтэнд зураг авч байлаа. Манай хүүхдүүдийн дүрд 4 настай охин, 5 настай хүү хүртэл тоглож байна. Тэд юуг ч ажрахгүй байсан. Би тэдэндээ маш их баярлаж байгаа.Та хоёрын 16 жилийн амьдралыг харуулна гэсэн. Тэгэхээр ханилаад 16 жил болсон гэсэн үг үү?Танилцаад 16 жил, ханилаад 15 жил болжээ. Яг түрүү жил бид хоёр 15 жилийн ойгоо хоёулханаа, их гоё тэмдэглэж байлаа. Тэр өдөр хань минь “Ханиа хоёулаа 15 жил олон км зам туулсан байна шүү” гээд гараас минь атгаад хэлж байсан тэр л дүр зураг миний нүдний өмнө одоо ч харагдаж байна.Та хоёрын амьдралаа эхлүүлэхдээ ярьж байсан зорилго, төлөвлөгөө өнөөдөр биелэлээ олж эхэллээ. Өнөөдөр та ганцаараа амьдралыг нуруундаа үүрээд явж байгаа ч таны ханийн үлдээсэн зүйл их юм?-Тийм шүү. 15 жилийн өмнө бид хоёр “таг” гэж түгжигддэг бор чемодантай, манай ээж нэг модон ор хийлгээд, талийгч ханийн минь эмээ бидэнд дөрвөн ханатай гэр барьж өгөөд тусдаа гарч байлаа. Хоёр найз ороод ирвэл нэгийг нь түр хүлээж байгаарай, дараа нь цайгаа уучих гэж байгаад л айл болсон доо. Яг л хоёр халбага, хоёр сэрээ, хоёр аягатай, бусад хосуудын адил бүхнийг эхнээс нь эхэлсэн. Зорилго гэвэл хүмүүс хөрөнгө хураая гэж ярьдаг шүү дээ, бид хоёр тэгээгүй. Харин хүүхэд л хураачихаж. Эхнийх нь гараад, хоёр жилийн дараа ахиад л дараагийнх нь гараад, тэр дунд огт шантарч байгаагүй. Амьдрал сайхан байсан, байсаар ч байна. Би саятантай суух зорилт тавиагүй шүү дээ.Тэр хүний хайртай нь л би суусан. Тиймээс тэр хүнийг би саятан болохыг шаардахгүй, зүгээр л надтай цуг амьдраад, тоонот гэрт толгой холбоод, үр хүүхдээ хараад баясаад сууж байх элэг бүтэн амьдрал л чухал гэдгийг мэдэж байсан. Одоо бидэнд дутуу юм алга. Сайхан байр байна, үр хүүхэд байна, ганцхан элэг бүтэн амьдрал яах аргагүй дутдаг юм байна. Хүүхдүүд маань өглөө болгон босоод нэг зүйлийг нэхдэг, тэр нь яг л хэвээрээ байгаа. Тэр орон зайг мэдээж хэн ч, хэзээ ч нөхөж чадахгүй. Тиймээс хүмүүст хандаж хэлэхэд элэг бүтэн амьдрал байхад эд материалын баялаг тийм ч чухал биш шүү.Одоо энд байхгүй ч зорьсон зорилго, ярьж байсан бүхэн нь биелээд байна гэж та хэлж байсан?Ханийн үлдээсэн сайхан буянаар бид сайхан дулаахан байртай болчихлоо. Яг л тэндээсээ өөрөө, яаж ч юм хийгээд байгаа юм шиг л биелээд байна. Миний ханийн залуугийн мөрөөдөл кино байхгүй юу, кино ч хийгдчихлээ. Урлагийн сургуульд сурдаг байсан. Хэзээ нэгэн цагт жүжигчин болохоороо ингэнэ, тэгнэ гээд л ярьдаг байсан. Өөрөө чадаагүй юм чинь охиноо заавал жүжигчин болгоно гэж хэлж байсан, ярьж байсан бүхэн нь биелэлээ бага багаар олоод л байна. Тэгэхээр өөрөө тэрийг биелүүлж байгаа байх, сайн хүмүүсийг над руу илгээж байгаа байх.-ХҮН БОЛОХ ХАМГИЙН АНХНЫ ШАЛГУУР БОЛ ХҮН ЧАНАР ШҮҮ ДЭЭ–Нэвтрүүлэг гарсны дараа таны хань их олон хүний хүндлэлийг хүлээж, олон ч хүнд танигдсан. Тухайн үед гэр бүлээрээ суугаад киногоо үзэж байв уу?-Нэг өдөр л “Энэ нэг нэвтрүүлэгт намайг ор гэнэ” гээд дагуулаад ирдэг юм. Тэгэхээр нь “Хүүе яанаа болох юм уу, нэвтрүүлгээр чинь их гоё гоё айлууд л ороод байдаг шүү дээ, тостой тогоогоо чирээд сууж байх юм уу” гэсэн чинь “Болно болно ханиа, байгаагаараа л бай гэж байна” гэсэн. Тэгээд хоолоо хийгээд, оройжингоо зураг авсан. Дараа нь өөрсдийгөө телевизээр харсан чинь их эвгүй, “Пээ чи тэрийгээ тэгэхгүй яасан юм бэ, хөөх энэ тэгээд гарчихлаа” гээд инээлдээд үзэж билээ. Дараа нь нэг өдөр надад “Хүүе ханиа, би од болчихож” гэсээр орж ирсэн. Намайг хүмүүс таниад, нөгөө нэг таксины аав, мундаг аав байна, танай хүүхдүүд сайн уу гэж асуулаа гээд л. Миний хань таван хүүхдийнхээ зургийг, миний зурагтай хамт байнга авч явдаг юм. Тэгтэл нөгөө зураг нь бүр хуучраад, элэгдчихэж. Яагаад ийм болчихов гэтэл хүн болгонд гаргаж үзүүлдэг юм гэнэ ээ. “Энэ манай тав шүү дээ, энэ миний хань” гээд л харуулсаар байгаад зураг нь бүр цаас болчихсон байж билээ.-Та хоёр хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлнэ гэж ярьдаг байв?-Хамгийн гол нь зорилготой байх хэрэгтэй. Заавал физик, тооны хүн бол, эмч бол, диплом өвөртөл гэж би шаарддаггүй. Хүн болох хамгийн анхны шалгуур бол хүн чанар шүү дээ. Тийм учраас хүн чанартай, хүнлэг байвал хүссэндээ хүрч чадна гэж ярьдаг байсан ханийнхаа зарчмаар хүүхдүүдээ өсгөж байна. Манай хүүхдүүд чинь мундаг аа. Том нь урлагийн хүн болно гээд шийдчихсэн, түүнийхээ төлөө зүтгэж байна. Дараагийн хүү маань тоондоо их сайн, сургуулийн хэд хэдэн удаагийн шилдэг сурагч. Дунд охин манай гэрийн хамгийн ажилсаг, пролетари хүн. Би охиндоо энэ ажилсаг чанараа битгий алдаарай, энэ чинь чамд хэзээ нэгэн цагт тус болно гэж захидаг юм. Харин хоёр багын маань авьяас одоохондоо тодроогүй байна (инээв. сурв). Хүү маань таван настайдаа нэгдүгээр ангид ороод гологдчихсон. Арай болоогүй байна аа гэсэн. Хичээл орж байхад ангийнхаа багшийг “За одоо унтлагын цаг, унтах уу” гэчихээд машинаар тоглоод явчихсан гэсэн. Ирэх жил л хүүгээ нэгдүгээр ангид оруулна даа. Бага охин маань аавын “суганы үс” нэртэй, цэцэрлэгтээ яваад л байна.Бага охин: -Би бас аяга угаадаг шүү дээЭэж: -Миний охин аавынхаа юу нь билээ?Бага охин: -Суганы үс (инээлдэв. сурв).-ХАНЬ МИНЬ БИДНИЙ ӨӨДӨӨС ХАРААД БАЙСАН БОЛОХООС НЭГ Ч ҮГ ХЭЛЖ ЧАДААГҮЙ ЭЭ–Одоо энэ гэрт ажил хийж байгаа ганц хүн нь та. Их ачаалал нуруун дээр тань ирж байна уу?Би одоо хоёр ажил хийдэг юм. Нэг нь өглөө 08:30 цагаас эхэлдэг, орой тараад оройн ажилдаа яваад, шөнө тарна.Шөнөдөө наашаа таксидаад ирэх гэхээр хол газар хэцүү. Тэндээ хоночихоод үүрээр бууж ирнэ, эсвэл орой эртхэн тарвал амжаад гэртээ ирчихнэ. Зарим үед эд маань өөрсдөө хоночихдог юм. Хуучин гэрт байхад шөнөдөө нүүрсээ хийсэн болов уу, галаа түлсэн болов уу гээд санаа зовоод, заавал гэртээ очихгүй бол болж өгдөггүй байсан. Одоо сэтгэл арай л уужирч байгаа ч бас л санаа төвдөхгүй ээ. Бас банкны зээлтэй учраас яах аргагүй 2-3 ажил хийж таарч байгаа юм. Гэхдээ зүгээр ээ, ажилтай байна гэдэг сайхан шүү дээ. Би ажилгүй, мөнгө олж чадахгүй байсан бол яах билээ дээ. Автобусны мөнгө, өдрийн хоол унд, цайны мөнгө үлдээх ёстой, өвлийн дулаан хувцас хэрэгтэй гээд л бүгдийг нь болгоод явж байна даа. Хүүхдүүд маань хаа очиж ээжээсээ янз бүрийн юм нэхдэггүй их сайн хүүхдүүд.Аавыгааа алдчихаад хүүхдүүд их хэцүү байсан байх?-Нэг хэсэг хэцүү байсаан. Яг гуравдугаар сарын сүүлээр хүүхдүүдийн маань дуу нь ч гарахгүй, хиймлээр инээдэг болчихсон байсан. Аав нь хүүхдүүдийнхээ хувьд маш том орон зай эзэлчихсэн. Хань маань ч нэг удаа гадуур оройтож хонож үзээгүй. Бид хоёр ажлаасаа буугаад ирэхэд дандаа гэр бүлээрээ хамтдаа тоглож, хөгжилдөж цагийг өнгөрөөдөг байсан нь үгүйлэгддэг байх.-Нэвтрүүлэг гарсны дараа хүмүүс үлгэр жишээ авч, сайн ааваар бахархаж байтал гэнэт л харамсалтай мэдээ дуулдсан. Гэнэтийн явдал байв уу?-Арав гаруй жилийн өмнө нэг согтуу жолооч “машин бариад” өг гээд гуйгаад дуудсан юм. Хүнд “үгүй” гэж хэлж чаддаггүй хүн чинь шөнө гараад, хүргэж өгч байтал замдаа маргалдаад, рулийг нь дарчихсан гэдэг. Ингээд зам дээр дөрөв бүтэн эргээд, шон очиж мөргөхдөө манай хүний талыг илүү дайрчихсан. Тухайн үед 105 ирээд хөрөөдөж гаргаж байсан юм. Тэр ослоос бөөрний няцралт гэсэн онош гарч ирсэн. Бөөрийг нь авчихъя гэж ярьж байсан ч эмч нар гайгүй юм байна гэхээр нь үлдээчихсэн. Гэтэл сүүлийн хоёр жил даралт нь эрс ихэсдэг болчихоод, онош нь тогтоогдохгүй, их л олон эмнэлгээр явсан.Ингээд яг өнгөрөхөөс нь сарын өмнө онош нь тогтоогдож, олон жилийн өмнөх ослын үлдэгдэл, бөөрөндөө маш олон уйланхайтай байна гэсэн. Гэхдээ авахаар хэмжээний том биш, жижиг жижиг хэрнээ олон байна гэсэн. Гэтэл үүнийг нь томруулж байж заавал шимэгдүүлж авдаг юм гэнэ. Яг сарын дараа хагалгаанд орно гэж байтал хагалгаанд орохынхоо 3-4 хоногийн өмнө өөд болсон доо. Тэр хооронд бас нэг удаа харвалт өгч, багахан зэргийн реакц өгөөд өнгөрсөн. Тэр өдөр би тийм л юм бодож байсан. Бид хоёр өглөө ажлаа зохицуулаад, манай ажил дээр цай уугаад сууж байтал “Хүүе” гэхээр нь “Яасан” гээд бариад авахын хооронд нүүрээрээ газар уначихсан. Босгоод иртэл ам нь мурийчихсан байсан, тэгсэн ч итгэл минь байсан хэвээр, реакц өгчихлөө л гэж бодсон. Эмнэлэг дуудаад, шууд сэхээний тасагт орсон. Ингээд эмч нар цагийн дараа “Энэ хүн сэргэхээргүй болчихлоо, салах ёс хий” гэсэн. Тэр мэдээг сонсоход үнэхээр хүнд, итгэж өгөхгүй л байсан (хэсэг чимээгүй болов.сурв).-Тэгэхээр та хэдтэй уулзаж чадаагүй байх нь ээ?-Бүх л хамаатан садан, баазын 100 гаруй жолооч, фэйфсүүкээр холбогдоод ирсэн танихгүй хүмүүс гээд тэр эмнэлгийг бүччихсэн байсан. Хоёр цагийн дараа зүрхний үйл ажиллагаа зогсох гэж байгаа учраас хүүхдүүддээ хэл гэсэн. Би хэлж чадаагүй ээ. Ах дүү нар маань хэлсэн байна лээ. Хүүхдүүдийн гурав нь ойлгоод “Аав нь явах гэж байна шүү” гээд л ойлгуулсан. Бидний өөдөөс хань минь хараад л байсан болохоос нэг ч үг хэлж чадаагүй ээ. Биеийнх нь бүх үйл ажиллагаа зогсчихсон байхад ганцхан нүднээс нь л нулимс гараад байсан. Тэр үед хэлэх зүйл зөндөө л байсан байх, хэлж чадаагүй дээ, маш их харамссан байх даа. Тухайн өдөр хүүхдүүддээ “Аав нь орой зүгээр болно” гээд хэлчихсэн, өглөө нь гэртээ оччихоод бас л хэлж чадахгүй, нэг хоногийн дараа хэлсэн. Хүүхдүүд маань хэд хоног итгээгүй ээ. Хоёр бага нь одоо ч итгэдэггүй юм.Аав сар болчихсон, эхлээд бороо оруулдаг, дараа нь цас оруулдаг, өглөө нь нар болоод мандчихдаг гэдэг юм. Байгаа юм шиг их ярина. Аавдаа “Тэгсэн чинь тэгээд, манайд байр өгөөд” гээд л ярьдаг юм, бодвол аав нь сонсдог байх аа.-“100-ИЙН ПЕЧЕНЬ” ГЭР БҮЛЭЭРЭЭ ИДЭЭД ХОНОЖ БАЙСАН ЖАРГАЛТАЙ ДУРСАМЖ БИДЭНД БИЙ–Хамт олондоо ч их нэр хүндтэй байсан шүү дээ. Танайд байр өгөхөөр болсон тухай мэдээг хамт ажилладаг хүмүүс нь түрүүлж сонсоод, манай руу утасдаж хэлж байсан. Тэд та бүхэн шиг л их баярлаж байсан?-Ажил явдлаар бригад нь тэр чигтээ гэртээ очихгүй ажилласан шүү дээ. Талархаад баршгүй. Нэг хэсэг нүүрс түлээгүй байхад нэг нүүрс, хоёр нүүрс дөхүүлж өгөх үү гээд л, унаагүй байна уу, хаа хүрэх гэж байна гээд тусална. Одоо ч тэд маань юу болж байна гээд асууж сурагладаг юм. Хань минь хамт олныхоо дунд нэр хүндтэй сайхан хүн байсан. Өөрөө шөнө утсаа салгаж унтдаггүй, яг дэрнийхээ хажууд тавина. Цагдаа шиг л нэг өдөр ч өнжихгүй, байнгын бэлэн байдалд байна. Шөнө бригадын тийм эмэгтэй ажилд явна, үр хүүхдээ тэжээж, хань ижлээ дэмжчих гээд шөнө орой явна, согтуу хөлчүү хүмүүстэй “алалцаад” явна. Гэтэл бригадын дарга нь болсон би утсаа салгачихдаг, нөгөө хэдэд элдэв зүйл тохиолоо гэхэд цагдаа нар түрүүлж очихгүй шүү, бид л очно гэдэг байсан юм. Шөнө утас нь дугараад янз бүрийн юм болсон бол шууд машинаа асаагаад гараад явчихдаг байсан даа.Т.Даваасүрэн агсны хүнд туслах дуртай байсан тухай сайхан түүхүүд олон байдаг. Та тэр түүхээс нь хуучлахгүй юу?-Хүмүүсийн мэдээгүй нэг түүх бий.Нэг өдөр утасдаад “Хань нь 12 мянган төгрөгтэй байна, үүгээр цуйван сэгсэрч хүрэх болов уу” гэж асуудаг юм. Би гэрт хоол хийчихсээн, давхар хоол хийж яах гээ вэ гэтэл зүгээр чи хэл дээ, нэг тогоо цуйван сэгсрэх үү гэж байна. Болно оо гэтэл би тэгвэл материал бэлдээд очъё, чи хийгээрэй гэсэн. Цуйван хийлгэж аваад жижигхэн уутанд тус бүр савлуулаад, нэг удаагийн сэрээ бүгдэд нь хийгээд хоёр халуун сав цай чануулаад явсан. Гэтэл Улаанчулуутын хогийн цэгт очдог юм байна. Тэр өдөр ажлаа хийж яваад Улаанчулуут дээр хүн буулгаж л дээ. Тэгэхдээ үнс идэж байгаа хүүхдүүд харсан гэсэн. Тэгээд л ганц удаа ээжийн чанасан цай, гэрийн сайхан цуйван идүүлчихье гээд. Хөлс нь цутгаад хоол идэж байгаа хүүхдүүдийг харж суухдаа яг л нэг саятан юм тараачихсан юм шиг бахархалтай сууж байж билээ. Хүнд туслая гэвэл 10 мянган төгрөг ч болдог л юм билээ.Одоо амьдралд хэцүү зүйлс байна уу?-Өрх толгойлсон ээж гэхээр л өдрийнхөө талхыг яая гэж байна, хэцүү байна гэх биш шүү дээ. Хүн ажилтай байхад бүх зүйл сайхан болно оо. Хүүхдүүд хааяа өлсөх нь ч бий, гэхдээ тэр тоолонд бид ядарч яваа гэж ярихгүй. Нэгхэн ширхэг “100-гийн печень” гэр бүлээрээ идээд хонож байсан жаргалтай дурсамж ч бидэнд бий. Тэр өдөр тогийг маань тасалчихсан, машин эвдэрчихсэн, би ажилгүй бага охин маань нярай байлаа. Бид хоёр мөнгөө нийлүүлээд, 100 төгрөгийн печень аваад, нэг хүнд нэг бүтэн, хагастай оногдож байсан юмдаг (инээв. сурв). Энэ хэд маань “аймаар” цадаад байгаа юм чинь, цадаж байгаа хүүхдүүдээ хараад бид хоёр цадчихна. Тэр оройжин лааны гэрэлд бид хэд юм ярьж, тоглож, инээлдэж сууж билээ. Ёстой тог тасраад, гэрийнхэнтэйгээ ярилцсан чинь дажгүй хүмүүстэй амьдардаг юм билээ гэдэг онигоо шиг л юм болсон доо (инээв. сурв).Тэр амьдрал минь хамгийн гоё байжээ. Талхны сав дүүрэн байсан ч сэтгэлд хоосон байх нь дүүрэн биш юм.-Та нар минь ирэх ондоо юу хийж бүтээхээр төлөвлөж байна даа?2017 оны хамгийн их хүлээж байгаа зүйл бол киноны нээлт юм. Залуу гэр бүл лаа шүдэнзнээс л амьдрал эхэлдэг гэдгийг харах байх, ханийнхаа мөрөөдлийг биелүүлж байна, шинэ жил болоход “Гэртээ ганцаараа” гардаг шиг байнга гардаг кино болоосой гэж хүсч байна. Охины маань ч уран бүтээлийн ажил үүгээр эхэлж байна. Дараагийн киноны санал нь ирсэн, тоглох эсэхээ өөрөө шийдэх байх аа. Миний зорилго бол хүүхдүүдийнхээ ирээдүй, боловсролд анхаарлаа хандуулна. Гэр дотор тавилга авах гэж би хичээхгүй, харин хүүхдүүдийнхээ боловсролд мөнгө зарцуулж, одооноос суурийг нь тавина гэж бодож байна.Д.ЭНХЖИН: ЗАРИМДАА ТЭСЭХГҮЙ “ААВ АА” ГЭЭД ДУУДЧИХМААР САНАГДДАГ БАЙСАН-Түүний том охин Д.Энхжинтэй цөөн хором ярилцлаа.-Юуны өмнө анхныхаа кинонд тоглож байгаад баяр хүргэе. Шинэ киноныхоо талаар ярихгүй юу?-“Сайн аав” киноны маань зураг авалт дундуур манай продюсер дараагийн киноны санал ирснийг дуулгаад, чиний тоглох дүр бий, чи тоглох уу гэж асуусан. Би тодорхой хариу өгөөгүй байгаа. Гэхдээ би ямар ч дугуйлан секцэд хамрагдаж байгаагүй болохоор энэ зун дугуйланд суух бодол бий. Жүжигчний мэргэжилд дуртай болохоор амархан байх гэж бодож байтал үнэхээр хэцүү юм билээ. Тэднээр бахархах, хүндлэх сэтгэл их төрж, өөрийгөө хөгжүүлье гэсэн бодолтой болсон.“Сайн аав” кинонд өөрийнхөө дүрд өөрөө тоглож байгаа.Гэр бүлийн уур амьсгалыг хамгийн сайн ойлгож, мэдэрч байгаа учраас чамд давуу тал болж байв уу?Манай амьдралаас сэдэвлэн бүтээж байгаа кино учраас дүрдээ орох гэх мэт асуудал бага байсан. Гэхдээ өнгөрсөнд өрнөсөн бүх л сайхан, муухай дурсамжууд эргээд сэдэрч байгаа болохоор заримдаа жаахан хэцүү байсан. Аавтайгаа хамт байсан бүх дурсамжаараа эргээд аялж байгаа учраас уйлах үе зөндөө байлаа. Аавдаа төрсөн өдрөөр нь бэлэг өгдөг хэсэг дээр үнэхээр их уйлсан. Баттулга ах маань аавын дүрд тоглож байгаа. Хааяа харахаар яг л аав шиг минь санагдаад, заримдаа тэсэхгүй “Аав аа” гээд дуудчихмаар санагддаг байсан. Жавхаа эгч маань яг л манай ээжийг гаргаж ирсэн, үнэхээр яг л ээж шиг байсан. Дүү нарын хувьд Маркаа гэхэд дөрөвхөн настай мөртлөө тэр их текстийг маш сайн цээжилдэг, дүрдээ сайн ордог мундаг. Миний доод талын эрэгтэй дүү Мөнхжингийн дүрд надаас гурваар ах хүн надаас гурваар дүү болж тоглож байна. Киноны арын албаныхан үнэхээр мундаг, хүчтэй баг. Анхны кино маань миний амьдралын тухай кино байгаа нь надад үнэхээр сонин, гайхалтай мэдрэмж төрүүлж байгаа.-Айлын том хүүхдийн үүрэг их шүү дээ. Хэцүү байна уу?-Айлын том хүүхэд байна гэдэг хэцүү биш. Олон дүү нартай хүн чинь “Тэр нь тэрийг, энэ нь энийг хий, тэр нь дүү нараа хар” гээд л заачихна. Эд маань том болчихсон болохоор амар, жаахан байхдаа хэцүү л байсан. Гэхдээ ээжийн маань дүү нар тусалдаг байсан болохоор хэцүү байдаггүй ээ. Одоо дүү нараа эрдэмтэй, мэдлэгтэй хүн болгохсон гэж хүсдэг. Ээж завгүй юм чинь би үүрэг хүлээгээд, дүү нараа хичээлийг нь давтуулж, цэцэрлэг сургуульд нь хүргэж өгнө. Ялангуяа одоо шинэ газар ирсэн учраас энэ хэд маань төөрөх магадлал өндөртэй (инээв. сурв). Хааяа толгой эргэнэ ээ. Дөрвөн дүүгийнхээ нэрийг дуудах гээд солиод хэлчихээр “Та чинь тэнэг юм уу, бидyna нэрийг солиод” гээд л загнуулах ч үе байна. Одоо гэр бүлээрээ гарах болохоор хамаг үүрэг над дээр ирж байгаа юм чинь. Хөөш, Марка, Пука, Эмүнэ, Мөөжөө гээд л орилоод явж байдаг юм. Дүү нараа сайн харж, сайн өсгөж торниулвал том болоод жаргах байлгүй дээ (инээв. сурв)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *