Uncategorized

ЯЛГАЛ ҮГҮЙ ХЭНИЙГ НЬ Ч ҮЛДЭЭЛГҮЙ АВРАХ НИГҮҮЛСЭНГҮЙ НОГООН ДАРЬ ЭХ МИНЬ🙏ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ

Ногоон дара эх Янжин сүмд Дүнжингаравын хийдэд арван наснаас далан долоон нас хүртэл хатуужил даяаныг бясалган суув. Сайн цагийн мянган бурханы орныг гурван үе эргэж мөргөөд “Би Янжин сүмд 10 наснаас 77 нас хүртэл хатуужил даяаныг бясалган суулаа. Урьдах маань холдож, хойтох маань ойртож буй энэ цаг дор цор ганцаар тул нэгэн үр заяаж өгөхийн хутагийг гуйсанд Сайн цагийн мянган бурхан 6 ширхэг үрлэн эм адислан өгчээ.Эмийг зооглосны эцэст 99 насан дээр нь Оюу нэрт бодьсадва хөвгүүн мэндлэв. Хүүг бадамлянхуа цэцгээр хучиж, элдэв зүйлийн жимсийг шимүүлэн тэтгэж байтал гурван хоногийн дараа хүү нь үгүй болон оджээ.Ногоон дара эх дээд тэнгэрийг дэнсэлтэл, доод газрыг донсолтол,хувхай модноос навч ургатал, хонхор газар ус тогттол уйлж гэнэ. Тэр үед Сайн цагийн мянган бурханы орноос Шигмуни бурхан ирээд баруун мутараас нь дээш татаж аваад гурван үе сургааль тавиад нисэн одов. Ногоон дара эх алтан жигүүртэй,мөнгөн сүүлтэй, бор эрээн харцгай болон хувирч дээш мянган бурханы оронд нисэж очин Оюу нэрт хөвгүүнээ асууж сураглатал “Зургаан зүйл хамаг амьтны эх болсон Ногоон дара эх минь чиний төрсөн хөвүүнийг үзсэнгүй” хэмээгээд хөвүүний хойд мөрийн бэлгэ тэмдгийг айлтгахад “зүрхний эхэнд таван зуун цогцын бэлгэ бүрдсэн бэх хар мэнгэ буй, хоёр далны хооронд шүрэн улаан мэнгэ буй” гэв. Ногоон дара эх замбуутивд бууж арван найман тамын амьтадаас хөвгүүнээ асуутал мөн л “үзсэнгүй” хэмээжээ.Ногоон дара эх “Арван найман тамын амьтны аливаа зовлонг арилгаад замбуутивийн хоёр хөлт хүн, дөрвөн хөлт адгуусны оронд төрсөн болов уу хэмээн хүүгээ сураглатал мөн адил “үзэж харсангүй” хэмээв. Замбуутивийн хүн амьтны зовлонг арилгаад Ногоон дара эх бишгүүр мэт дуугаар хашгиран хайлж яваад гадаад далайд живж үхсэн болов уу хэмээн санаад гадаад далайг гурван сар шүүрдэж эс олжээ. Буцаж бишгүүр мэт дуугаар хайлан явтал хон хэрээтэй уулзжээ.Хон хэрээ мөн л хөвгүүнийг “үзсэнгүй” хэмээгээд “Алтан уулын орой дээр долоон үе номын чанар бясалгасан, ерэн есөн жил даяан хийсэн, есөн хэлээр ярьдаг, огторгуйн мэргэн арш хар цагаан зурхай зурж, хар цагаан чулуу тавьж байхыг үзсэн билээ, тэр мэдэж магад” хэмээн айлджээ.  Ногоон дара эх хон хэрээнд “жаварт тэнгэрт даарахгүй биетэй болоорой, жаран жалгыг нэвт харах нүдтэй болоорой” гээд усан нүдний оронд билгийн нүд өгч соёрхжээ. Ногоон дара эх Алтан уулын оройд очиж мэргэн аршийг гурван үе эргэж мөргөөд хөвгүүнээ хэрхэн хайсан тухайгаа айлтгажээ. Огторгуйн мэргэн цагаан арш цагаан, ногоон, хөх өнгийн гурван чулуугаар зурхай зурж төлөг буулгаад “Зургаан зүйл хамаг амьтны эх болсон Ногоон дара эх минь, ганц төрсөн Оюу бодьсадва хөвгүүн тань Сайн цагийн мянган бурханы оронд байна хэмээн буух чинь юу вэ” гэв.Ногоон дара эх “ай зарлиг чинь үнэн бол ширгэсэн цагаан хөхнөөс минь сүү далай мэт урсаг” гэж хэлтэл цагаан хөхнөөс нь сүү далай мэт урсаж гэнэ.Огторгуйн мэргэн цагаан арш бас нэгэн өнгийн чулуугаар төлөг буулгаад “Оюу бодьсад хөвүүн чинь арван нэгэн нүүртэй, Авид бурхан титэмтэй, төгс лагшин биетэй, тэгш мянган мутартай, алга бүхэндээ нүдтэй, арц зандан үнэртэй, эрдэнийн  чулуун чимэгтэй, хонсим бодьсадын зарлигтай, хутаг эрдэм төгссөн зургаан үсгийн тарнитай, хүсэл бүгдийг хангагч чандмань эрдэнийн сантай, цаглашгүй гэрэлтэй бодьсадва лавтай мөн гэж буух чинь юу вэ” гэв. Ногоон дара эх “энэ төлөг чинь үнэн болтугай” хэмээгээд дөрвөн мөчөө барьц барьжээ.Мэргэн арш бас нэгэн өнгийн чулуугаар төлөг буулгаад “Оюу бодьсадва хөвгүүнийг чинь эх болсон зургаан зүйл хамаг амьтны зовлон ихэдсэний тулд Сайн цагийн мянган бурханы оронд Шигэмүни бурхан, Очирваань бурхан, Огторгуйн түмэн хувраг хулгай хийж аваад алтан суварганы дотор гурван зуун жаран зургаан давхар алтан бумбын дотор буруулан байна гэж буух чинь юу вэ” гэсэнд Ногоон дара эх бие, хэл, сэтгэл юүгээ барьц бариад огторгуйн мэргэн цагаан аршид ерөөл талбив. “Чи энэ насанд хар багш агсан боловч хойд насандаа Жимсгэлэн нэрт уулыг эзлэн Цагаан өвгөн нэртэй бурхан болж туулаад хамаг хүн адгуусны гамшгийг арилгаж баруун мутартаа луугийн тэргүүнт таягийг барьж явах болтугай” хэмээн ерөөжээ.Ногоон дара эх алтан жигүүрт, мөнгөн сүүлт, бор тарлан харцага болон хувилаад, Сайн цагийн мянган бурханы оронд очиж, бишгүүр мэт дуугаар хашгиран хайлж “хар уулын орой дээр хархиран явагч, хар эрээн бар минь хаа байна” хэмээн хангинан дуудаж явтал хоёр замын уулзвар дээр нэгэн хар хэвнэг өмссөн араг үүрсэн хатагтайг үзээд хамаг чимгээ тайлан өгч, түүний арагийг үүрч, баруун гартаа эрээн таар барьж, зүүн гартаа хувхай таяг барьж гуйланч эмгэн болон хувирч гурван сар явав. Тэгтэл зуны дунд сарын 15-нд арван найман хөлтэй алтан ширээнд залаад зүг зүгт нь мянган бодьсадвагаар хүрээлүүлж авшиг ном сонсож байв.  Ногоон дара эх хүүгээ таниад дуугаран ядтал Шигамүни бурхан “та нар энэ эмгэнийг таньж байна уу” гэтэл бодьсадва нар “бид танихгүй” хэмээв. Ногоон дара эх биш үү хэмээтэл бодьсадва нар Ногоон дара эхийн өмнөөс цагаан солонго татуулж Оюу хөвгүүнийг ширээнээс нь буулган 366 давхар алтан цагаан бумбан дотор буруулж, өөр нэгэн бодьсадваг суулгаад тахиж байв гэнэ. Ногоон дара эх цагаан солонгыг үлээж арилгаад хартал өөрийн хөвүүн бус өөр нэгэн бодьсадва сууж байв гэнэ. Ногоон дара эх хөвгүүний араас ирж хөвүүнтэйгээ уулзав.Шигмуни бурхан Очирбани бурханд “чи аргатай бус уу, энэ эх хөвгүүн хоёрыг хагацуулж үз” хэмээв. Очирваань бурхан оройн очирыг булга татаж аваад хоёр төмөр соёо болгож, баруун хөлөөсөө бараан эрээн лууг гаргаж, зүүн хөлнөөсөө шар эрээн лууг гаргаж хүрхрүүлэн эх хүүг хагацааж гэнэ.Ногоон дара эх хөвгүүнээ баруун мутраас нь барьж  байгаад дахин тэврэв. Оюу бодьсадва эхэээсээ хагацаж ядаад гучин хоёр эрдэнэт цагаан шүдээ булга татаад гурван насны дүрээр хувилж эхийн цагаан мөөмийг хөхөн суув. Гурван сар болсны хойно эхийн хөх дундаа орж хүү цадав. Тэр үед эх хүү тавилцав гэнэ. Очирваань бурхан таван зуун илжиг луусаар хэв хадаг ачиж ирээд 18 хөлтэй алтан ширээн дээр бурхан бодьсадва нарыг залж барьц өргөөд алдсанаа наманчлав. Ногоон дара эх хөвүүнээ хайж явахдаа жаргалтай амьтнаас илүү зовлонтой амьтан илүү олон байхыг үзлээ хэмээв. Бодьсадва нар эх хүү хоёрыг 18 хөлтэй алтан ширээн дээр залаад долоон удаа тойрч гурвантаа мөргөөд “Чамайг зовоосон учир нь зургаан зүйл хамаг амьтны зовлонг гүйцэд үзтүгэй хэмээн чилээсэн билээ” хэмээгээд хадаг барьж алдсаа наманчилжээ.Эх хүү хоёр замбуутивийн 18 харанхуй тивийн амьтныг зорьж ир тэрэгний замаар ороод явж байтал хоёр  замын уулзвар дээр нэгэн өвгөн лам үхлүүт хэвтэж байна гэнэ.Дара эх эрдэнэт дөрвөн мөчин дээрээ өргөж тавиад цагаан хөх юүгээн хөхүүлж гурван сар тэжээж тэнхрүүлээд цааш дагуулан явтал өвгөн ламтан хэт их турж эцсэн тул эх хөвүүн хоёр ээлжлэн үүрээд явжээ. Мөрний мах барагдаж ясаа цайтал үүрсэн боловч өвгөн лам мөнх бусыг үзүүлжээ. Хүүрийг нь нэгэн сүмийн дэргэд оршуулан тавиад цааш тамын оронд хүрэв. Тамын орны үүдэнд алтан суварга байхыг үзээд эх хөвгүүн хоёр даяан бясалгав. Гэтэл огторгуйгаас алтан эмээл хазаартай навчих хар халзан морь ирээд эх хөвүүн хоёрын унаа хүлэг болж өгсөнд тамын орны хамаг амьтныг зовлонгоос нь гэтэлгэжээ. Тэр үед эрлэгийн түмэн яргачин Эрлэг номун хаанд ирж “Бид там сахисан тул там юугаан дүүрэн болохул баярладаг, хоосон болохул гомддог билээ. Одоо там хоосон болоход хүрэв” хэмээн өчтөл Эрлэг номун хаан тэр морийг нь бариад ир хэмээн зарлигдав. Эрлэгийн түмэн яргачид морийг барих гэж иртэл морь яргачны өмнөөс  угтан иртэл “бид чамайг барих гэж ирсэн бөлгөө” гэв. “Би тамд унах заяатай бөгөөс та нар эсхийвч унамуй. Хэрвээ би тамд унах заяагүй бол яаж хийвч унахгүй бус уу” гэж хэлээд өөрөө баригдаж гэнэ.Морь харин яргачдыг үс бүрийнхээ үзүүр дээр тогтоон Эрлэг номун хаанд очив. Хаантан энэ морийг халуун тамд аваач гэжээ. Түмэн яргачин морийг халуун тамд хийгээд тамын өрхөөр шагайн хартал нөгөө морь алтан салаатай, мөнгөн навчтай, элдэв зүйлийн жимс ургаж, сэрүүн сайхан булаг урсаж, хөх сайхан навч дэлгэрч, тамын зовлонд унах бус хун цэнгийн дуу дуурсган, сайн цагийн мянган бурхны оронд шавь болон төрж байна гэнэ.Яргачид хаандаа очин “Тэр их жигтэй элдэвтэй морь байна” хэмээтэл Эрлэг номун хаан хүйтэн тамд аваачиж орхи гэжээ. Морийг хүйтэн тамд орхиод мөн адил өрхөөр шагайн хартал өмнөх тамын оронд болсонтой адил тамын амьтад арилж байна гэнэ.  Эрлэгийн яргачид хаандаа дахин очиж өчтөл “Тэр морийг гурван давхар ширмэн байшинд есөн давхар төмөр ногтоор ногтолж, есөн давхар төмөр чөдөрөөр чөдөрлөж орхи” хэмээн зарлиг хэлэв. Яргачид харанхуй байшинд морийг хийгээд таран одов. Морь ширмэн байшинг дэлбэ дайрч гараад Ногоон дара эх хөвүүн хоёр дээр ирээд “замын уулзвар дээр хэвтэж байсан өвгөн лам би бөлгөө. Мөрнийхөө махыг барагдтал үүрсэн ачийг тань хариулж чадав уу, эс чадав уу мэдсэнгүй. Дээд Гандан тэнгэрийн ганц охин, таван ухаанд мэргэжсэн тансаг зандан дагиныг Оюу больсадва хөвгүүнд хатан болгож өгч юмчин цагаан хөхний сүүний ачийг хариулъя хэмээгээд огторгуйд нисэн оджээ. Тэр үед түмэн яргачин ширмэн байшинг ирж үзтэл морь байсангүй, харин Эрлэг номун хааны элч ирж “морийг барьж ир” хэмээн зарлиг хүргэв. Түмэн яргачид гурван хоног тамын амсар дээр хэвтэн үүд сахисан ч тусыг эс үзэв. Эрлэн номун хаанд бараалхан “Бид тэр морийг эс мэдэв, харанхуй ширмэн байшингаас үгүй болов” хэмээтэл хаантан мишээгээд тэр бол морь бус Шигмуни бурхан юм хэмээгээд Ногоон дара эх, хөвүүн хоёрыг залж авчир хэмээжээ.Эрлэг номун хааны зарлигийг уламжлахад “Эх хөвүүн бид хоёр тамын амьтны тусын тулд даяан бясалгаж буй билээ. Даяаны үндсийг төгсгөөд очиж бараалхая” гэжээ. Ногоон дара эх, хөвүүн хоёр Эрлэгийн хаанд очтол өмнөөс нь үнэртэн шатааж, алтан шар ширээнд залж “Ногоон дара эхийн адистэд ер хэдий чинээ болов” хэмээн асуув. “Аяа эс мэдэв. Урьд цагт Шигмуни бурхан “Ногоон дарь эхийн туужийг дуудаж судар ном уншваас гурван муу заяанд үл унана” хэмээсэн билээ. Эрлэгийн хаан “Тэр үнэн ахул мянган галав нөгчөөгүй цагт би буян хилэнц хоёрыг ялгасаар байна. Мянган галав нөгчсөний хойно би таны шавь болон төрөх ерөөл тавья” хэмээв. Ийнхүү мянган галав нөгчөөгүй цагт Ногоон дара эх амьтныг тонилгож байх, Эрлэгийн хаан буян нүгэл хоёрыг ялгаж байх учир тэр бөлгөө. Мөн бурхан бодьсадва нар “Ногоон дара эхийн хөвүүн Оюу бодьсадва ертөнцийн хаан болж төрийг барих цагт Гандан тэнгэрийн ганц хүүхэн таван ухаанд мэргэжсэн тансаг Зандан дагиныг хатан болгож сууваас орчлонгийн хүн амьтан ү.хэх зовлонгүй, үгүйрэх гарзгүй, энх жаргаж, мөнх наслах болно” хэмээн айлджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *