Uncategorized

УРАЛДААН: П.Адарсүрэнгийн дууг хэн сайн дуулах вэ? 23 жилийн дараа эргэн уулзсан 4 хүүхэд нь аавдаа сэтгэлийн ая өргөх нь…

2022 онд П.Адарсүрэн агсны 80 жилийн ой тохиож буй. Үүнийг тохиолдуулж, “Адарсүрэн” сангаас ардын авьяастан, соёлын өв тээгч шалгаруулах дууны уралдаан зохион байгуулж байна.П.Адарсүрэн агсны хүү А.Амартайван манай сайтад ярилцлага өгөхдөө “Аавынхаа 80 жилийн ойд зориулан ковэр дууны уралдаан зохионо” хэмээж байсан нь ийн ажил хэрэг болжээ.Уралдааныг дөрвөн шаттай зохион байгуулж буй аж.Нэгдүгээр шатны шалгаруулалт есдүгээр сарын 5-30-ны хооронд болох бөгөөд “Adaraa Minu Zee” фэйсбүүк хуудас руу өөрийн дуулж буй бичлэгийг байршуулахаар илгээх юм байна. Ингэхдээ 9302-1002 дугаараар холбогдож, бичлэг байршуулах хувийн дугаар авах аж.Г.САНСАРМАА Хүүгийн ярилцлага: 23 жилийн дараа уулзсан П.Адарсүрэнгийн хүүхдүүд: Бид аавынхаа дууг ард түмнийхээ нэг болж сонсдог П.Адарсүрэн агсны дөрвөн үр 23 жилийн дараа нэг дор уулзжээ. “Гавьяатаараа та дуулах уу, чаддагаараа би дуулах уу” хэмээж явсан их уран бүтээлчийн гурван охин, нэг хүүг та харж байна.Хүү А.Амартайван нь 2004 оноос эхлээд аавынхаа түүх, Монголын урлагийн салбарт хийж бүтээсэн үнэ цэнийг нь ойлгуулах, таниулах, үл мартуулахын тулд 20 орчим ажил ажиллаж буй. Харин өнөө жил П.Адарсүрэнгийн 80 жилийн ой тохиож байна. Үүнийг тохиолдуулж, хэд хэдэн шинэ ажил зохион байгуулахаар ажиллаж байгаа талаараа А.Амартайван ярилаа. Мөн аавыгаа бие барснаас хойш, 23 жил уулзаагүй ах дүүс энэ жил уулзсан нь сайхан тохиол болжээ. Тэд ээжийн талын ураг садан, ач зээ нарынхаа уулзалтыг зохион байгуулж, Сэлх дэх байшинд цуглараад байхад нь бид ирсэн юм.А.Амартайван эхнэр, хүүхдүүдийн хамт угтаж авав. Хашаан дотор тоглон гүйлдэж байгаа олон хүүхэд бүгд их дуучны мах цусны тасархай. А.Амартайван хүүгээ заагаад “Яг өвөө байгаа биз. Аав маань эргээд төрчихсөн юм шиг. Хөгжмийн асар сайн мэдрэмжтэй. Дууны нугалаа, амьсгалын болон үгийн хуваарилалтыг маш чадмаг мэдэрдэг. Хүүгээ магтаж байгаа юм биш л дээ, гэхдээ ийм мэдрэмжтэй хүүхэд харж байгаагүй” хэмээнэ. Хүү нь тоглож байна. “Өвөөгийнхөө дууг дуулдаг уу?” гэвэл “Жаахан байхдаа дуулдаг байсан. Одоо орчин үеийн, гадаад дууг л их дуулах юм даа” гээд А.Амартайван инээлээ.П.Адарсүрэнгийн дөрвөн хүүхэд уулзалдсан талаар сошиал орчинд мэдээлэгдсэний дараа олон нийт янз бүрээр хүлээж авсан юм. Зарим нь “Аавыгаа ачлаагүй байж одоо уулзаад яах вэ дээ”, “Хүнд хэцүү цагт нь та нар тоогоогүй биз дээ” гэх мэтээр сэтгэгдэл бичнэ.Амьдралынхаа сүүлийн он жилүүдэд бор дарсанд автаж, алдаж гишгэхдээ гишгэж, шинэ амьдрал эхлүүлж байсан П.Адарсүрэнгийн хүүхдүүд 24 жилийн өмнө Монголоос гарцгаасан юм. А.Амартайван энэ талаар “Аавыг шинэ амьдрал эхлүүлж байхад би найман настай байсан. Эгч 12 настай. Бидэнд аавыгаа алдаж явахад нь болиулах, засаж залруулах ухаан, хүч чадал байгаагүй. Харин нас барах хүртэл нь эргэж тойрсон ард түмэн байгаагүй. Хундага архиар дайлж явсан тэр олон найз нар нь ирээгүй. Гавъяа шагналыг нь ч өгөлгүй явуулсан. Зах зээлийн хүнд нийгэмд амьдралын эрхээр гадаад руу явцгаасан биднийг өдгөө ийн муу үгээр хэлж байгаад гайхдаг. Нийгэм тэртэй тэргүй бухимдлаар дүүрэн байна. Үр хүүхдүүд нь өдгөө аавынхаа нэр хүндийг өргөж, үүх түүхийг нь Монголын ард түмэнд зөвөөр таниулж яваа” хэмээн байр сууриа илэрхийлж байна.1998 онд П.Адарсүрэн нас барахад тэнгэрийн замд нь үдэх ёслолд 22 хүн иржээ. Тэр гялалзсан од, их авьяас байсан. Гэвч амьдрал, уран бүтээлийн замд нь зориудаар, сөргөөр нөлөөлж байсан хүмүүс бийг хүү нь ярьдаг. А.Амартайван аавыгаа үдэх үеэр “Зил-130” машин дээр зургийг нь бариад зогсож байжээ. 20 гаруй настай. “Тэр үед л би бодсон. Нөгөө их шүтэж, өргөмжилж, архи дарс өгдөг байсан хүмүүс байгаагүй. Тэгээд аавынхаа нэр хүнд, үнэ цэнийг өндөрт өргөхийн төлөө амьдарна гэж өөртөө хэлсэн”. А.Амартайван аавыгаа нас барсны дараа гэр бүлийн хамт Швейцарийг зорьж, дараа нь Бельгид суурьшжээ.Харин 2004 оноос аавынхаа дууны цомог, дурсамж нэвтрүүлгийг хийх ажилд ханцуй шамлан орсон байна. Ингэсээр 2014 онд Бельгийн иргэншлээс татгалзаж, Монголдоо нэг мөр ирэхээр шийдсэн.Ингээд түүнээс хойш П.Адарсүрэнгийн өөрийн туурвисан шүлгүүдийн түүврийг хэвлүүлж, 37 дуутай шинэ цомог эмхэтгэсэн гээд багагүй ажил хийсэн юм. Харин түүний эгч А.Ариунгэрэл гэр бүлийн хамт Бельгид амьдардаг байна. Тэндхийн иргэн болжээ. А.Амартайваны дүү А.Алтансолонго БНСУ-д, бага дүү А.Удвал ХБНГУ-д мөн гэр бүлийн хамт амьдардаг ажээ. Тэд дөрвүүлээ урлагийн авьяас, хөгжмийн мэдрэмжтэй талаар А.Амартайван ярина. “Дагнаж хичээллээгүй болохоор олны өмнө дуулахдаа эгч, дүүс маань бэлэн биш байдаг болов уу. Түүнээс дөрвүүлээ тодорхой хэмжээнд урлагийн авьяастай. Би бүжигчин болсон, урлагийн зам мөр хөөсөн. Харин эгч, дүүс маань гэр бүлтэй болж, амьдралын эрхээр өөрсдийнхөөрөө замнасан” гэнэ. Мөн дөрвүүл залуудаа аав шигээ омголон, дэврүүн зантай байсан талаар ярьж байна. “Аав шиг омголон, бас гэнэн цагаан занг нь өвлөж авсан хүүхдүүд шүү дээ” гэж А.Амартайван ярина.П.Адарсүрэн хүүхдүүдээ багад нь хоёр, хоёроор нь садан төрлийнхөө хөдөө айлд орхиж, зусуулдаг байсан талаар тэд дурсаж байна. Хүүгээ бага охинтой нь Эрдэнэтэд, том, дунд хоёр охиноо Хөвсгөлд гэх мэтээр. П.Адарсүрэн тоглолт, уран бүтээлийн ажилтай, тун завгүй. Эхнэр нь ч хүүхдүүдээ зун цагаар байгалийн сайханд байлгах дуртай байжээ. -23 жилийн дараа дөрвүүл уулзаж байгаа нь ямар сайхан хэрэг вэ?-Эгч, дүүс маань өмнө нь Монголд ирэн очиж байсан л даа. Гэхдээ хүүхдүүдийн сургууль соёлын цаг зөрөх гэх мэт шалтгаанаар дөрвүүл цуглаж чаддаггүй байсан.Нэг нь ирэхэд нөгөө нь нисэж байдаг байлаа. Ялангуяа сүүлийн жилүүдэд цар тахлын улмаас Монголдоо ирцгээх боломж нь бүр багассан. Харин энэ жил бүгдийнх нь нислэгийн тийз ингэж таарлаа. Дөрвүүл хамтдаа яг долоо хоног байх боломжтой. Үүнээс гурав хоног нь өнгөрчихлөө. Энэ хугацаанд дурсгалын зургаа татуулах, аавынхаа 80 жилийн ойгоор хийх ажлуудаа ярьж хөөрөх, үр хойчдоо үлдээх ажилтай байна. -Одоо та дөрөв бие хүн болцгоосон. Гэхдээ хүүхэд насны сэтгэлээ эргээд дурсвал, “Аав биднийг орхиод өөр амьдрал эхлүүлсэн” гэж гомдож байсан удаатай юу?-Миний хувьд тэгж боддоггүй. “Аав орхиод явлаа” гэж огт бодож байгаагүй. Энэ бол хүний амьдралын түүх, сонголт. Бас нөгөө талаар зүгээр нэг хувь хүний ч түүх биш. Түүхэн хүний түүх учраас байгаагаар нь хүлээж авах чухал. Аавын амьдралын алдаа оноо, хийсэн сонголтын талаар эргэцүүлэх нь түүнийг эргээд шүүх асуудал руу аваачдаг. Тэгэх дургүй. Бид их дуучны их хайраас төрсөн хүүхдүүд шүү дээ. Бид өөрсдөө үлдээсэн дурсамж нь. Эгч, дүүст маань тийм бодол байсан байхыг үгүйсгэхгүй. Харин одоо хэнд нь ч тийм эмзэглэл байхгүй.-Ээж нь Монголд байдаг уу. Аавынхаа талаар ээжийнхээ ярьж байсан дурсамжуудаас хамгийн сэтгэлд үлдсэнээс нь хуваалцаж болох уу? -Ээж нэг хэсэг хугацаанд АНУ-д амьдарч байсан. Харин одоо бид хоёр Монголдоо байна. Ээж маань сурган хүмүүжүүлэгч хүн учраас түүхэн хүний түүхийг үлдээх ёстойг сайн ойлгодог. Энэ үүднээс олон ч дурсамж ярьж өгч, би тэмдэглэж авч байсан. Сайхан дурсамжууд ярьж л байдаг. Одоо яг сэрхийтэл тэр, энэ гэж орж ирэх нь алга.-П.Адарсүрэн агсны 80 жилийн ойд зориулж, ямар ажлууд хийх вэ?-Хөшөө дурсгал босгохоор ярилцаж байна.Мөн аавын амьдралын түүхээр кино хийх ажил эхэлсэн. Кино зохиол бэлэн болсон байгаа. БНСУ-ын уран бүтээлчид ажиллана. Цаг хугацаа нь давчуу байгаа ч уран бүтээлчдийн хувьд олзуурхууштай хүлээж авснаа, даруй ажиллаж эхлэхээ илэрхийлээд байгаа. Мөн нэг уралдаан явуулах байх. Харин аавын дууг дуулдаг ковэр дуучид хөдөө орон нутгаар тоглоод эхэлсэн явж байна. Яагаад ч юм П.Адарсүрэн тийм их гялалзсан од мөртлөө СТА, МУГЖ алийг ч аваагүй. Эсвэл өгөөгүй гэх нь зүйтэй. Төрийн ямар нэг гавьяа шагнал, цол гуншин, нэр зүүсгэлгүйгээр тэр яг өөрийнхөөрөө туурвиж байсан.Энэ талаар А.Амартайван “Сүүлд бодоод байхад яг аав шиг, гавьяа шагналаа аваагүй, хийсэн бүтээснээ үнэлүүлээгүй, мартагдсан олон сайхан уран бүтээлч бий юм билээ. Гэтэл шагналыг хавтгайруулан олгоод л байдаг. Тэр сайхан хүмүүстээ өгөөсэй.Учир нь тэдэнд дахин хийж бүтээх цаг хугацаа хомс болсон. Харин одоо ажиллаж буй залууст хугацаа, дахиад өөр амьдрал байгаа шүү дээ” хэмээнэ.“П.Адарсүрэнгийн дууг Монголын ард түмэн сонсохдоо нэг мэдрэмж авдаг. Харин та бүхэн аавынхаа дууг хэр ойр сонсдог вэ. “Миний аав шүү дээ” гэж ухамсарлаад сонсоход ямар мэдрэмж төрдөг бол?” гэж асуухад А.Амартайван “Зүгээр л Монголын ард түмний нэгэн адил бид фэн нь болчихдог. Мэдээж хүү нь гэдгээ бодож, бахархах зүйл байлгүй яах вэ. Гэхдээ байнга тэгж бодоод байхгүй. Ихэнх хугацаанд яг л ард түмнийхээ нэг болж сонсдог” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *