Uncategorized

Балжинням, Дашням давхацсан билэгт сайн энэ өдөр дараах үйлд шамдвал машид сайн

Балжинням, Дашням давхацсан энэхүү билэгт сайн өдөр хийсэн буян бум, живаа болон арвиждаг тул Монгол түмэн эрт дээр үеэсээ Бурхан болохын уг шалтгаан болсон буян номын үйлэнд онцгойлон хичээн шамддаг ажгуу.Харин хилэнцэт муу үйлийг энэ өдөр санан санан хорьж, боомтилдог бөгөөд учир юун хэмээвээс муу үйлийн үр мөн маш ихээр арвиждаг тул болой. Монгол ахан дүүс та нар минь энэхүү билэгт сайн өдөр 10-н хар нүглийг тэвчиж, 10-н цагаан буяныг дэлгэрүүлж, Бурхан болох уг шалтгаанаа бушуу түргэн бүтээгээрэй.Биеийн үйл: 1. Амьтны амь таслахыг тэвчээрэй. -Амьтны амийг бүү таслаарай. Боломж гарвал амьтны амийг авраарай. Мал сэтэрлэдэг сайхан уламжлал Монголчуудад бий.-Хэн нэгнийг бүү зодож занчаарай, бүү дээрэлхээрэй, бүү айлгаж, ичээгээрэй. Харин болж өгвөл аядуу зөөлөн байгаарай, асарч тэтгээрэй, бусдад эелдэг зөөлөн хандаарай. 2. Эс өгснийг авахыг тэвчээрэй.-Х.у.л.г.а..й бүү хийгээрэй. -Хуурч залилж бусдын юмыг бүү аваарай. -Хөөргөж, онгироож бусдын юмыг бүү завшаарай. -Д.э.э.р.э.м.дэж, сүрдүүлж бусдын юмыг хүчээр бүү аваарай.-Олсон зүйлээ эзэнд нь буцааж өгөөрөй. 3. Буруу хурьцал бүү үйлдээрэй. -Өөрийн эхнэр, нөхөрдөө үнэнч байгаарай.-Бурхан номын газар болох гандан хийд зэрэг сүм хийдүүд, ижий аавынхаа дэргэд, олон нийтийн газар эрээ цээргүй бүү байгаарай.-Нэг өдрийн сожон сахилтай юмуу сарын тэмдэг нь ирсэн, эсвэл өвчтэй зовлонтой болон үнэхээр үл хүсэх нэгэнтэй хурьцал бүү үйлдээрэй. -Элдэв гаж буруу хурьцалыг мөн тэвчиж байгаарай. Хэлний үйл:1. Худал бүү хэлээрэй. -Бусдыг бүү хуураарай, жижиг ч гэсэн худал үгийг тэвчиж, үнэн шударга үгийг өгүүлээрэй. Гэхдээ үнэн үг өгүүлж байна гээд бусдын хоригийг уудалж, нууцыг нь задруулж, бусдыг ичгэвтэр байдалд оруулж, уурлуулж, гомдоож эсвэл басамжлан доромжилж болохгүй шүү. 2. Ширүүн үг бүү өгүүлээрэй.-Бусдыг ширүүн үгээр бүү доромжилж дайраарай. Хараал бүү хэлээрэй. Хашгичаж бүү яриарай. Загнах, зүхэх тэргүүтнийг тэвчээрэй. Түүний оронд аядуу зөөлөн өгүүлж, өөдрөг сайхан, үнэн зөв, яруу үгсээр бусдын сэтгэлийг баясгаарай.3. Хов бүү зөөгөөрөй.-Бусдыг эвдрэлцүүлж, хагаралдуулах ховын үгийг бүү яриарай. Харин ч бусдыг эвсүүлж, найрамдуулах төлөв түвшин, зөв зүйтэй, ухаалаг үгийг өгүүлээрэй. 4. Дэмий бүү чалчаарай.-Өөрийн болон бусдын тусыг бүтээх алтан цагийг дэмий хоосон хорвоогийн сонин хачин ярьж бүү үрээрэй. Харин энэхүү цагаа ээж аав, үр хүүхэд, ах дүүгээ асран тэтгэх, туслан дэмжих болон сурч боловсрох, бусдад туслах, ажлаа сайн хийж гүйцэтгэх зэрэг өөрт болон бусдад тустай сайн үйлсэд зориулаарай. Сэтгэлийн үйл: 1. Хорлох сэтгэлийг бүү төрүүлээрэй. -Хорлох сэтгэл үргэлж хөнөөлт аюул зовлонг дагуулдаг тул энэхүү хэнд ч ашиг тусаа өгдөггүй хорт сэтгэлийг асран нигүүлсэх сэтгэлээр амирлуулж байгаарай. Мөн өс хонзонгоо дарж, арилгаж үйлдээрэй. Хамгийн дургүй хүнээ ч өөртэйгөө адилхан амгалан жаргаланг хүсэгч, зовлонг үл хүсэгч гэж ухаараад сайн зөв талаас нь хараарай. Буруу, муу талыг уучилж өршөөгөөрөй. Бүх юм хувьсаж өөрчлөгддөг тул дайсан чинь чиний хамгийн үнэнч сайн анд болох ч бий. 2. Хомхойрох, шунах сэтгэлийг бүү төрүүлээрэй.Хомхойрч шунахын оронд харин ч өөрт байгаа бүхнээ үнэлж, өөрийн гэр бүл, эд зүйлс, албан тушаалдаа сэтгэл ханамжийг төрүүлээрэй. Шунал ихдвэл шулам болно гэж бид ярьдаг билээ. Хомхойрох, шунах сэтгэлийг ханан болио мэдлээр хазаарлаж боомтлоорой. 3. Буруу үзлийг бүү төрүүлээрэй. Буруу үзэл гэдэг нь чухаг дээд 3-ыг үгүйсгэх, үйлийн үрийг үгүйсгэх, урьд, хойд насыг үгүйсгэх, эгэл хүн эрдэм бүгдийг гүйцээгээд, гэм бүгдийг арилгаад Бурхан болох зэргийг үгүйсгэхийг хэлж буй юм. Та эдгээр бүгдэд итгэдэггүй байж болно. Гэхдээ та үгүйсгэхээсээ өмнө хурц ухаанаар шинжилж үзээрэй. Бид бусдад тустай сайн зүйлийг хийхэд эргээд бидэнд эерэг таатай хариу үйлдэл ирдэг. Бид бусдад таагүй, хорлолт зүйлийг хийхэд эргээд бид өөрсдөдөө аюул зовлон дагуулж байдаг нь амьдрал дээр ил тод байдаг. Энэ нь энгийндээ үйлийн үр шүү дээ. Үйлийн үрээс ангид тусдаа орших зүйл хаана байх билээ дээ.Та энэхүү билэгт сайн өдөр замын хөдөлгөөнд соёлтой оролцож, бусдад зам тавьж өгөөрөй. Буян гэдэг хол биш шүү. Бидний бусдыг хүндлэх сэтгэл ч мундаг том буян шүү. Та энэхүү билэгт сайн өдөр бүү уурлаарай. Уур биднийг дэндүү их дарладаг тул түүний ерөндөгт шамдаж, асрахуй сэтгэлээр бусдад аядуу зөөлөн хандаарай.Тэгээд та болж өгвөл энэхүү билэгт сайн өдөр махан хоолыг тэвчиж, цагаан хоол зооглоорой. Олуулаа хийсэн буян шамшигддаггүй гэдэг. Тиймээс та гэр бүлээрээ, байгууллага хамт олноороо, ангиараа, найзуудаараа нийлээд сайн үйлсэд шамдаарай. Төгсгөлд нь та энэхүү билэгт сайн өдөр өөрөө бие, хэл, сэтгэлээрээ үйлдсэн, бусдаар үйлдүүлсэн, бусдыг үйлдэхэд даган баяссан тэдгээр буян бүхнээ доорх зориулга ерөөлийг талбиж, амьтны тусад зориулаарай.Энэ буяны шимээр би нэн даруй Багш, лам, бурханыг бүтээн үйлдээд Энэ орчлонгийн нэг ч амьтан хоцроолгүйгээр Бурханы орныг байгуулах болтугай.Бодийн дээд эрдэнийн сэтгэл Төрөөгүй нэгэнд нь төрөх болтугай. Төрсөн нэгэнд нь эс доройтож. Улам бүр өөдөө арвидах болтугай.Манзушир баатар хэрхэн айлдсан. Самантабадра ч түүнчлэн ерөөсөн. Аугаа тэднийг даган суралцахын тулд би. Аливаа үйлдсэн буянаа бүхнээ.Бурхан бүгдэд сайтар өргөе. Гурван цагт заларсан бурхан бүгдийн. Ашид өргөсөн дээд ерөөл бүрээр.Гэтлэхийг хүсэгч миний буяны үндэс бүхнийг. Асар сайн шинжлэхийн тухайд машид өргөн үйлдэе.Зорилт үгүй энэрэлийн их гуу сан Жанрайсаг.Хир үгүй тааллын эрхэт Манзушир. Шимнусын өмгийг үлдээлгүй даран зохиогч Очирваань.
Цастын орны мэргэдийн оройн чимэг Зонхова.Сайн оюут хэмээн алдаршсаны өлмийд залбирал талбимуй.Таны хийсэн буян бум живаа болон арвижаж, булт амьтны аврал болсон Бурханы хутгийн уг шалтгаан болох болтугай. Жавзандамба Хутагт Төв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *