Uncategorized

Өнөөдөр цагаан, хар хэл ам Дарь-Эхийн буулттай өдөр

Цагаан дарь эх Насан хутгийг бэлэглэгч Цагаан дарь-эх Гэтэлгэгч Дар-эх лугаа ялгал үгүй боловсруулан тонилгогч лам нарын өлмийд мөргөе.Ялж төгс нөгчсөн Шагжамуни өөрийн шашныг гурван хөлгөнд дүйцүүлсэнээс Монгол, Төвд оронд их хөлгөний шашин наран мэт гийгүүлэн дэлгэрсэн билээ. Их хөлгөний ёсонд Цагаан дарь-эх бурханыг очирт хөлгөний оройн дээд ядам бурхадын нэг болгон шүтэн дээдэлдэг билээ.Төвдөд дэлгэрсэн бурханы шашны дөрвөн уламжлалт ёс болох Сажава, Нимава, Гаржудва, Гэлүгва ёсны алинд ч Цагаан дарь-эх нэн чухал байр эзэлдэг. Дарь эх – Тара гэдэг үг санскритийн три- гэтэлгэх гэсэн язгуураас гаралтай бөгөөд, хорвоогийн зовлон энэлэлийн далайгаас хамаг амьтдыг гэтэлгэн гаргагч гэсэн утгатай юм.Тара тантрад өгүүлснээр, хамаг Бурхадын гэгээрүүлэн гэтэлгэн чөлөөлөх үйлсийн төлөөлөл болох Цагаан Дарь Эх түгээмэл орчлонгийн Эх талын биелэл билээ. Зургаан зүйл амьтныг хэмээсэн түүний хэмжээлшгүй их асрал хайр нь эх хүний үрээ гэх сэтгэлтэй ч харьцуулшгүй гүн бөгөөд хүчтэй хэмээнэ. Хамаг Бурхадын Эх болсон Цагаан дарь-эхийн алдрыг дурсан, аврал залбирал одуулсан хэнд ч болов тусалдаг. Сансрын олон галвын өмнө Цагаан Дарь Эх бээр хаан хүний охин болон төржээ. Цэцэн билгүүн, асрал нигүүсэл дүүрэн, үзэсгэлэн гоо гүнж тэрээр хувраг гэлэнмаа нарт өргөл өргөж, хамаг Бурхдад залбирал аврал одуулан буян ихээр хураасан байна. Хувраг гэлэнмаа нар түүнийг хойд төрөлдөө эр хүн болж төрөөд бурханы сургаалыг дэлгэрүүлэгч болохын ерөөл тавъя гэхэд гүнж “хоосон чанарын огторгуйд эр ба эм хүйс аль нь ч үгүй, иймээс би бүсгүй төрөлдөө дахин төрж, хамаг амьтанд туслан Бурханы хутгийг олон, Төгс гэгээрэлд хүртэл нь бодийн замаар хамаг амьтныг хөтлөх болно” гэж хариулсан байна. Тара Тантрагийн 3-р бүлэгт, Цагаан Дарь Эхийн мэндэлсэн тухай сансрын чанартай эхийн домогт, Жанрайсиг Бурханы нулимснаас бадамлянхуа дэлгэрч, энэ лянхуанаас Цагаан Дарь Эх төржээ гэсэн байна. Жанрайсиг бурхан хорвоо ертөнц дэх амьтны зовлонг мэлмийгээрээ болгоон уйлахад зүүн мэлмийн нулимснаас амирлингуй Цагаан Дарь Эх, баруун мэлмийн нулимснаас Ногоон Дарь Эх бурхан мэндэлсэн гэдэг. Баруун мутраар дээдийн өглөг соёрхогч мудра зохиосон билгэ билгүүн болдог эд баялгийг хүссэнээр соёрхох чадварыг үзүүлнэ. Зүүн мутраар адислал, зохиож, зүүн чихний тушаа цоморлигоо нээж буй цагаан лянхуа барьсны гол иш нь гурав салаалсан нь гурван цагийн бурхадыг бэлгэдсэн болно. Баруун мутрын нь дээдийн өглөгийн мудраг Варада мудра гэнэ. Гурван цагийн хамаг Бурхадын шид бүтээл үйлсийн биелэл болох Цагаан Дарь-эх сансрын хамаг зовлонг тольдон болгоож, асран гэтэлгэж байдгийн билгээр намрын цагаан сар мэт гэрэлт нигуур дээрх гурван мэлмий, хоёр мутрын алган дах нижгээд, хоёр бойвны улан дах тус тус нэг, нийт 7 мэлмийтэй. Цагаан Дарь Эх-д насыг уртасгах, өвчнөөс анагаах аврал талбиж залбирал одуулдаг. Тара- Сита Тара бол бүх бурхдын хамтын гэгээрсэн үйлсийн биелэл учир залбирал ерөөл нь төвөггүй хэрэгждэг гэнэ.Бодь сэтгэлийг жинхэнээр үүсгэн, тарнийг нь тоолж тодорхой тоонд хүргэвээс зэтгэр тотгорууд устдаг хэмээнэ. Цагаан Дарь-эхийн лагшин нь болор мэт тунгалаг, намрын сар мэт цагаан, 16 нас төгөлдөр ариун охины мишээсэн амгалан дүртэй, саран дэвсгэр, цагаан лянхуа дээр саран түшлэг налан заларсан, үнэт эрдэнэсийн чимэг зүүсгэлтэй, эрдэнэсийн торгон хормойвчтой, зүүн мутартаа цагаан лянхуа барьж, баруун мутраараа хамаг амьтныг насны зэтгэрээс гэтэлгэж, насыг сэтгэлчилэн уртасгаж, өвчин зовлонгоос ангижруулах өглөгийн мутарлаг зохиосноор дүрсэлдэг. Дүдийн найман аймгийг номхтгогч Цагаан Дарь Эх нь (найман дүд буюу) бардам найдангуй (арслан), мунхрал (галзуу заан), өш хонзон ба уур (гал), атаа жөтөө (могой), буруу үзэл, мухар сүсэг г.м дээрэмчин хулгайч, ядуурал хоосрол, өөрийн эрхгүй болох, хүлэгдэх, хүсэл тачаалын үер, мэхлэгдэх эргэлзэх, ад дон зэрэг найман дүдээс хамгаалж, айдас түгшүүрээс чөлөөлөн амирлуулагч болой.Дээрхийн Гэгээн Далай лам 1989 онд “Нигүүлсэхүй үйлс” бага хурал дээр (Нью порт): “ Буддизм дэх фэминист хөдөлгөөнд хамаарах алхмыг Цагаан Дарь Эх үйлдсэн байдаг. Цагаан Дарь Эх Бурханы зэрэгт хүрсэн эмэгтэй хүн цөөн буйг үзээд “ Би бүсгүй төрөлд байхдаа бодь сэтгэлийг үүсгэж эхэлсэн. Удаах бүх төрөлдөө би эмэгтэй хүн болж , Бурханы зэрэгт хүрэн хүртлээ бүсгүй хүн байх болно” хэмээн тангaраглaсан гэдэг” гэж хэлсэн. Өдгөө цөвүүн цагт, дээдэс багш нар хамаг амьтны тусын тулд Цагаан дарь-эх бурханы авшиг буюу насны авшигийг байнга хүртээж байдаг нь туйлын их энэрэл нигүүслийн үйл юм. Насны авшиг нь Цагаан дарь эх бурханы адистэд авралыг дамжуулан өгч буй өөрийн үүсгэл, өмнийн үүсгэл, залбирал, тахил өргөхүй, ерөөл сэлт лугаа цогц зан үйл юм. Насны авшиг хүртсэнээр Цагаан дарь-эхийн аврал өршөөлд багтан адистэд нь оршиж насны элдэв саад зэтгэр арилж урт удаан наслахын шидийг хайрладаг болой.Цагаан дарь эх бурхан Энэтхэгийн их бандида Агиванчигдагвад насны авшгийн увидас үүнийг хайрлажээ. Энэхүү увидас энэтхэг, түвд, монгол бүтээлч мэргэдээр дамжин уламжлагаж ирсэн ба Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам бээр V Далай ламаас дамжиж ирсэн уламжлалын дагуу Цагаан дарь эхийн авшиг хүртээн бясалгал бүтээлийг үйлдэн айлдаж байсан.  Авшиг хүртсэн хэн боловч Цагаан дарь-эхийн мөргөл, магтаал, тарни, ерөөлийг урьж өгүүлэхийг аль чадахаараа хичээх хэрэгтэй.Товч мөргөл нь:Алин таны өлмийн лянхуаг бишрэн тахиснаар.Авралт Дарь тэргүүтэн арвис тарнийг өгүүлсэн төдийд. Аюулт ү.х.э.л үгүй нас, билиг билгүүн, буян сэлт. Аливаа хүссэн шидийг хайрлагч дор мөргөмүү Тарни нь: УМ ДАРИ ДҮД ДАРИ ДҮРИ МАМА АЮУР БУНЪЯ ЗАНА БҮСДЭМ ГҮРҮ СУХА Залбирал бясалгал нь :Дарь-эх бурханы гэрэлт лагшингаас гарсан рашаан өөрийн болон бусад бүх амьтны оройд шингээд бүхий биеийг нь дүүргэснээр өвчин хилэнц, нүгэл хэдий чинээ байсан төдий чинээ арилж, бүхий биеэ олон давхар рашааны давхрагаар дүүргэн амгалангаар цэнгэж байна гэж бодох нь магад утга болой.Багшийг шүтэн гүрү ёго бясалгаач шавь нар болон ер нь багшийн сургаал номлолыг хүсэн дээдлэгч хэн бүхэн, одоо үед залран буй авралт лам багш нарын нас өлмий бат оршиж олон амьтдын тусыг өнө удаан бүтээхийн ерөөл талин Цагаан дар-эхийн тарнийг тоолон унших нь та бидний хийж чадах асар их буянт үйл мөн болой. с

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *