Uncategorized

300 өдөр Буддын бясалгал хийсний дараа

Оюун ухаан, сэтгэл санаанд гарсан өөрчлөлтүүд Сүүлийн хагас жил гаруйн турш өдөр бүр 24 -өөс 60 минут гурван төрлийн Буддын бясалгалыг хольж хийснээр надад дараах өөрчлөлтүүд гарав:Уур уцаар маш бага болсон — Өмнө нь ялихгүй зүйлд л бухимдаад өөртөө ч, гэр бүлийнхэндээ ч түвэг уддаг байсан бол одоо баргийн юманд тэгж уур унтуу болохооргүй болсон.Утгагүй айдсаас салсан — Өмнө нь харанхуйд ганцаараа байхаас, эсвэл өөр ямар ч утгагүй ёр, совингоос айчих гээд байдаг байсан бол одоо тэдгээрийг нөхцөлдүүлэгч бодол санаа, мэдрэмжээ ажигласны үндсэн дээр айдаст хүлэгдэхээргүй болсон.Ажлын бүтээмжээ дээшлүүлсэн — Ажилдаа төвлөрөх эрчим маань өмнөх жилийг бодвол мэдэгдэхүйц дээшилсэн.Стресстэхээ больсон — Ажлаасаа болж маш их стресддэг байсан маань хэд дахин буурсан.Харах өнцөг маань тэлэгдсэн — Оюун санааныхаа уг мөн чанар, төлөвийг мэдэрч эхэлсний үндсэн дээр явцуу сэтгэлгээ минь бага ч атугай суларсан.“Хурган” оршил Анх 15, 16 онд “өглөөний хүн” болж эхлэх үеэсээ л амьсгал дээр төвлөрдөг бясалгалын талаар номоос уншиж, өдөрт 1–3 минут хийдэг болсон юм. Гэхдээ яг сайн зуршил болгож чадаагүй.Удалгүй “Буддын шашны танин мэдэхүйн сургалт” -д сууж байхад нэг өдрийн хичээл дээр Нямсамбуу багш Буддын бясалгалын талаар дурдсан нь их сонирхол татсан ч бас л өдөр болгон хийж чадаагүй.Түүнээс хойш миний уншсан “хувь хүний хөгжлийн” бараг л бүх ном дээр бясалгалын үр ашгийн талаар гараад байсан тул дахиад нэг хийж эхэлье гэж бодоод байлаа.Гэтэл удалгүй Мөнхбаатар гэх ламтан “Буддын Бясалгал ба Сэтгэл Судлал” гэх ном гаргасныг мэдээд бушуухан олж авав.Бясалгалын талаар бичсэн өөр нийтлэл, номууд их байсан ч Мөнхбаатар багш Фулбрайтын тэтгэлгээр Америкт сэтгэл судлалаар сурч байсан гэдэг нь их нөлөөлсөн хэрэг.Ном нь маш таалагдсан тул түүний хөтөлсөн бясалгалын анхан, дунд шатны сургалтуудад нь суучихлаа.Ингээд өмнө нь алдаг оног, буруу зөрүү хийж байсан бясалгалаа жинхэнэ мэргэжилтнээр нь заалгаж сурах ховор завшаан тохиолдсонд талархаад ханашгүй. Дунд шатны сургалтаа өнгөрсөн 11 сард дуусгаснаас хойш одоо өдөр бүр өнжилгүй бясалгалаа хийж байна.Заавал “зовж” байж бясалгал хийх хэрэгтэй юу?“Амьдралдаа их зовлон үзсэн хүмүүс л бясалгал хийж сэтгэлийн тайтгарал олох гэдэг”, “нүгэл их үйлдсэн, эсвэл нас өндөр гарсан хүмүүс л Буддын шашны сургалт, хурал номонд сууж нүглээ нимгэлэх гэдэг” гэх мэтийн ташуу ойлголтууд олны дунд ажиглагддаг.Өөрийгөө таньж мэдэхэд, энэ дэлхийн сор болсон шашны номыг сонсож заавар зөвлөгөөг нь хэрэгжүүлж үзэхэд заавал сүрхий шалтгаан хэрэггүй байх аа.Жаахан сониуч зан байхад л болно.Буддын шашинд “зовлон үнэн”, “зовлонгийн шалтгаан үнэн” гэж гардаг.Үүнийг сонссон хүмүүс Буддизмыг айхтар гутранги үзэлтэй юм гэж бодох нь ч бий.Үнэхээр амьдрал дээр айхтар зовлон үзсэн хүмүүсийн дэргэд бас насан туршдаа эрүүл энх, элэг бүтэн, “аз жаргалтай” гэж хэлж болохуйц амьдраад дууссан хүмүүс ч байдаг. Тэр хүмүүсийн хувьд “Хутагтын дөрвөн үнэн” худлаа болчихно гэсэн үг үү?Уламжлалт ном сударт “зовлон” гэж орчуулагддаг duhkha гэх Санскрит үг нь угтаа unsatisfactoriness буюу “сэтгэл ханамжгүй байдал” (сэтгэлийн цангаа?) гэх утгатай аж. Өөртөө байгаа бүхэнд дасчхаад,илүү гоё сайхан руу тэмүүлэх, шуналдах эцэс төгсгөлгүй тойргийг яг оноод хэлчихсэн юм биш үү?Нойрыг улам их унтаж бардаггүй, харин сэрж бардаг. “Сэтгэлийн цангаа” гэх зо.влонг ч сэрж л барахгүй бол, улам их рүү, улам сайхан руу тэмүүлсээр байтал амьдрал дуусчих юм биш үү?Тэгвэл сэрэх хамгийн дөт аргыг нь Буддизмд заадаг ажээ…“Урсгал ус шиг Ундармаа” болчихгүй юу?Эрт цагт Удрак гэх нэрт нэгэн бясалгаач байж гэнэ.Анхаарлаа нэгэн цэгт төвлөрүүлдэг амарлин оршихуйн бясалгалыг олон жил хийсний эцэст бясалгалаа тайлаад хартал хэдэн тохой урт ургасан үснээс нь харх хэмлээд идчихсэн байж.Хэдий олон жилийг тасралтгүй бясалгаж өнгөрүүлсэн ч шууд л уур нь хүрч өнөөх хархыг…Бурхан багшийг амьд ахуй цагт, түүнээс өмнө ч Энэтхэгт маш олон төрлийн бясалгалын урсгал, арга барилууд байжээ. Зарим нь асар өндөр түвшний төвлөрөл буюу самадид ч хүрсэн аж. Буддын бясалгалын тэднээс илүү гарах нэг ялгаа нь тэр өндөр түвшний төвлөрөлд хүрсэн оюун санаагаараа юу хийх вэ? гэдэгт бий.Амарлин оршихуйн бясалгалыг хийхэд их сайхан байдаг. Бие махбод, оюун санаа амраад л… Өдөржин хийгээд баймаар. Гэтэл бясалгалаа хийж дууссаны дараа буцаад л өдөр тутмын амьдралын асуудлууддаа түүртээд, уурлаж уцаарлаад эхэлдэг. Өнөөх бодь дүрийг үзүүлж, очир завилгаагаар суугаад сүрхий бясалгаж байсан хүн маань буцаад огт өөр хүн болоод хувирчхав уу? гэлтэй.Энэ унал,алдаанаас сэргийлэхийн тулд “ажиглан шинжих” бясалгалыг хослуулах хэрэгтэй.Үүнийг хэвтэж байхдаа, сууж байхдаа, зогсож байхдаа, бүүр алхаад явж байхдаа ч хийж болно.Өөрийнхөө оюун санаанд юу болж байгааг ажиглана гэсэн үг.Толгойдоо орж ирж байгаа бодлуудыг хөөж туулгүйгээр, авталгүйгээр зүгээр л ажиглана гэсэн үг.Ингэж чадвал “Урсгал ус шиг Ундармаа” болохгүй ээ…Ажиглан шинжихийн гайхамшиг Уур чинь гэнэт хүрвэл яг яагаад уурлаж байгаагаа нэг бодоод үз.Уур яг биеийн чинь аль хэсгээс гарч ирж байгааг ажиглах гээд үз. Ингээд ажиглаж байтал өнөөх уур алга болчихсон байх вий.Анхлан суралцагчдын хувьд ийм ажиглалт хийгээд дадчихад л амьдралд тохиолдох асуудлуудын бараг тал нь алга болчих байх шүү — миний хувьд лав тийм байсан.Xарин цааш гүнзгийрэх бол хоосон чанарыг, бодь сэтгэлийг бясалгах хэрэгтэй гэх юм билээ.Тэр талаар хожим тусад нь бичнэ ээ.Хэр их бясалгах хэрэгтэй вэ?Бодь Мөрийн Зэрэг дээр өдөр 3 удаа,шөнө 3 удаа бясалгах хэрэгтэй гэдэг.Орчин үеийн,ажил төрөл,ар гэртэй хүмүүсийн хувьд арай л боломжгүй санагдаж магадгүй.Гэхдээ утсаа маажиж дэмий өнгөрүүлдэг цаг хугацаагаа ашиглаад үзнэ гэвэл бас байж болохоор.Миний хувьд өглөө 24 минут,өдөр 24 минут,орой унтахынхаа өмнө 12 минут бясалгадаг.Ингэснээр өдрийн туршид оюун санаагаа бага ч болтугай “цэвэрлэдэг” гэсэн үг. Гэлээ гээд өдөр бүр 1 цаг бясалгах нь он удаан жилийн турш идээлж бугласан шархан дээр лент нааж байгаагаас өөрцгүй гэж ном судар дээр гарах юм. Угтаа бол өдөр тутмын амьдралын дүйвээнээс хол;чимээ шуугиан,сатааарал багатай газар өдрийн 10 цагийг бясалгалд зориулж амьдарвал их хурдан ахиц гарна гэх.Манайд ч уг нь хэдэн долоо хоногийн турш зохион байгуулагддаг тийм бясалгалын үйл ажиллагаанууд байдаг.Даанч хамрагдсан хүмүүс нь тухайн үедээ л хэд хоног эрчимтэй бясалгал хийгээд,буцаад өдөр тутмын амьдралдаа өнөөх санамсар, мэдэмсрээ ажиллуулахгүй байхаар ямар ч нэмэргүй болчих аж.Тиймээс бидний хувьд гол нь өдөр бүр, бага багаар хийж дадах хэрэгтэй юм шиг санагдсан.Мөн бясалгал хийх нь чухал ч түүнтэйгээ энгийн, зөв амьдралын хэвшлийг хослуулах нь хамгийн чухал. Ер нь амьдралын зөв хэвшилтэй болоогүй, өдөр тутам нүгэл үйлддэг хэрнээ бясалгал, элдэв зан үйл үйлдээд л түүнийгээ цайруулчихна гэж бодвол огт ахиц гарахгүй.Яг одоо бясалгал хийж үзэх үү?Бясалгал хийхэд яг ямар байдгийг мэдэрмээр байвал дараах алхмуудыг нэг дагаад хийж үзээрэй:Тухтай суух сандал ол Нуруу цэх,хоёр хөлийн улаа газар бүрэн тавиад суу Утсан дээрээ 3 минутын цаг тавь Нүдээ ань Толгойдоо орж ирж байгаа бодол бүрийг ажигла,бодол орж ирэхгүй байвал бодолгүй оюун санааныхаа уг мөн чанарыг ажигла Ингээд л болоо.Гэхдээ яг Буддын бясалгалыг жинхэнэ утгаар нь хийнэ гэвэл гэр орон, бурхан тахилаа цэвэрлээд, Намбарнанзад бурхны 8 гишүүнт суудлаар сууж, 10 зүгийн хамаг бурхдыг өмнөө залан зориулга ерөөл уншиж эхлэх хэрэгтэй. Ингээд ярихаар манай үеийн залууст жаахан “хол” санагдаж магадгүй болохоор дурьдсангүй… Хүсвэл номон дээрээсээ уншаад хийхэд асуудалгүй шүү дээ.Бясалгал хийж үзсэн сэтгэгдлээсээ та бүхэн ч бас хуваалцаарай 😃 Эх сурвaлж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *