Uncategorized

МУГЖ Д.Энхзул: Ухаан муутай олон хүүхэдтэй байснаас ухаантай цөөн хүүхэдтэй байсан нь дээр

МУГЖ Д.Энхзултай ярилцлаа. Тэрээр саарин хацартай жаахан охин ямаагаа дийлэхгүй уул хадыг цуурайтталуйлдаг, бас дуулдаг байснаа, малчин болохоос зугтаан аймгийнхаа театрт дуучнаар орсноо, ханьтайгаа суухдаа хадмууддаа гологдсоноо гээд манай сайтын уншигчдаас нуух юмгүй цагаахан, илэн далангүй ярилцлага өгсөн билээ.- Та сүүлийн үед нэлээд чимээгүй байлаа. Шинэ уран бүтээл хийж байна уу?
– Өнгөрсөн жил би хүүтэйгээ хамт цомгийнхоо баяр, тоглолтоо хийсэн. Түүнээс хойш бараг жил гаруй чимээгүй байлаа. Их ажлын дараа амарсан гэхүү дээ. Гэхдээ бас зүгээр байгаагүй. Шинэ жилээр Америкт амьдарч байгаа монголчууддаа уран бүтээлээ хүргэж гурван хотод тоглолт хийсэн. Саяхан бас Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчууддаа очиж тоглолтоо сонирхуулаад ирлээ. Хүүтэйгээ дуулсан хэд хэдэн дуугаа хүмүүст хүрэг гээд л хүлээгээд, дуунуудаа клипжүүлж байна.
– Дуулж эхлээд хэр удаж байгаа билээ. Нийтдээ ер нь хичнээн дуу дуулаад байна вэ. Тоо нь ч их олон болсон биз дээ?
– 20 гаруй жил дуулсан. Нийтдээ долоон цомог гаргасан байна. Хүнд хүрсэн дуунууд маань зуу нэлээд гарсан. Дуулаад орхигдсон, мартагдсан дуутайгаа нийлвэл 200 гарна.- Та хэдэн настайгаасаа дуулж эхэлсэн юм бэ. Таныг дуучин болоход хэн нөлөөлсөн бэ. Хөдөөний охид аймгийн театртаа шууд дуучнаар орно гэдэг хэцүү шүү дээ?Анх юмны учир сайн мэдэхгүй, зүгээр л нэг дуулах дуртай, зөв хоолойтой, дуулж эхэлсэн. Би бурхнаас өгсөн зам мөр, далд хүч, зөн совинд их итгэдэг. Бурхны зааж өгсөн замаар л явж байгаа юм болов уу гэж өөрийгөө боддог. Би дуучин л болохгүй юм бол болохгүй гээд нүдээ тас аниад байсан юм надад байхгүй. Нэг мэдэхэд л дуучин болчихсон. 10-р ангиа төгсөөд л театрт мэргэжил дээшлүүлэх курст сураад, тэндээсээ СУИС-д ороод л Улаанбаатар хотын хүн болох, дуучин болох гараагаа эхлүүлж байсан.
– Тэр үед та сайн дуучин болно гэдэгтээ хэр итгэж байсан бэ?- Өөрийнхөө эрч хүчинд их итгэдэг байсан. Түүндээ ч баярладаг. Яагаад гэхээр би анх хотод ирээд “Гэргийн дуу“ гэдэг дуутай хувь зохиолоор учирсан. Амжилтын гараа маань энэ дуунаас эхэлсэн. Дараа нь “Үнсье чамайгаа” , “Хайрын тавилан”, “Дэндүү их ачтан” гээд маш олон дуунууд маань зэрэг хүмүүст хүрсэн. Одоо сүүлийн үеийн дуучид нэг ганц дуу дуулчихаад тэрийгээ нүдсээр байгаад л хүнд хүргэж өөрийгөө таниулдаг. Миний дуунуудыг энэ ч гоё, тэр ч гоё гээд л сонсдог байсан. Би түүнд нь бүр ч их баярладаг.
– Тэр үед таныг “Кабины бор” гээд л нэрлэдэг байсан биз дээ?- Тийм. Би тэр үед чинь жоохон ч байж дээ. Хөдөөний, хотжиж үзээгүй. Хотын хүмүүсийн зан араншинг сайн мэдэхгүй. Юмыг яг л байгаагаар нь бодож, байгаагаар нь хүлээж авдаг байсан. Хатуу зарчимтай. Одоо бол цаадах чинь хотжоод, хотын хүүхэн болчихсон ш дээ. Юмыг ойлгоно. Тэр үед дэлгүүр мэлгүүрт орохоор л сонин дээр миний тухай мэдээ гарчихсан байвал “Яанаа” гээд л санаагаар унаад л. “Энхзул тостой жолоочтой явдаг” гээд биччихсэн байсан. Тэгээд л манараад л гэртээ ороод нөхөртөө “Яанаа намайг сонин дээр биччихсэн байна” гэсэн чинь манай нөхөр зөрж гараад л нөгөө сонинг нь аваад ирсэн. Тэгснээ “Үгүй ээ, чи доторхыг нь уншиж бай л даа. Хол замд явдаг жолооч нар дууг нь сонсоод явдаг гээд л биччихсэн байна шүү дээ” гэж байсан түүх бий.- Та хөдөө өссөн. Ишиг хурга хариулдаг байв уу?- Хариулахгүй яах юм бэ. Би чинь бүүр хөдөөний хүүхэд байсан. Одоо өөрийхөө тэр төрхийг хөдөөнөөс олж харах гэхээр бас олддоггүй. Цаг үеэ дагаад хөдөөний айлын хүүхдүүд ч гэсэн урд зүгийн гялгар цалгар хувцсыг өмсөөд л гоё болжээ. Бидний үед энгэр нь саарьтсан бор дээлтэй. Хацар нь саарьтчихсан. Үсээ хоёр салаа самначихсан. Хэзээ ч угаасан юм, хөөрхий нөгөө үсээ. Ийм л байсан. Манайх ямаачин байсан болохоор би ямаа, ишиг их хариулна. Тэр нь миний дуучин болоход их нөлөөлсөн гэж боддог. Яагаад гэхээр нутгийн ууландаа би ямаагаа хариулж явахдаа заримдаа уйлна, заримдаа дуулна. Талаар нэг хашгирна. Ямаа их адтай амьтан, уулын орой руу авирна. Дийлэхгүй болохоороо аймаар чанга уйлна. Аймаар чанга дуулж байхад уул цааш нь цуурайтуулаад долгиолоод л байдаг. Ганцаараа малаа дийлэхгүй явахад ийм л байв. Миний бага нас ингэж л өнгөрсөн. Би нэг юманд дургүй. Манайхан “Би хотын унаган хүүхэд, энэ хөдөөнийх” гээд л ярьдаг юм. Манайхан угаасаа л хөдөө ш дээ. Хэдхэн жилийн өмнөх кинон дээрээс хотыг хар л даа. Ерөөсөө л хөдөө байгаа биз дээ. Хөдөөний хүүхэд, хотын унаган ч гэж байх шиг. Би бүүр инээд хүрээд байдаг юм. Бүгдээрээ л агаарт гарах дуртай. Яагаад хот гоё байсан юм бол бүгдээрээ хөдөө зусланд гарах гээд, тэмүүлээд агаар салхинд дурлаад, тэр гоё хөдөө очиж хэвтэх гээд байгаа юм бэ.
– Морь унадаг байсан уу, та?- Морийг тийм ч сайн унахгүй. Том хүний эмээлтэй морины дөрөөн дээр өвдөглөж гарчихаад л дөрөөнд нь ч хөл хүрэхгүй байхад давхичихдаг байсан. Тэр үед надад бэлдэж өгсөн хүүхдийн эмээл ч гэж байхгүй. Их давхидаг л хүүхэд байлаа.- Тэгээд л жаахан том болоод ирэхээр хөдөлмөр зусланд яваад л зуныхаа амралтыг өнгөрөөдөг байсан үе биз дээ?
– Би хөөрхий минь, тэр гоё хөдөлмөр зусланд ерөөсөө амарч үзээгүй гэхэд болно. Манайх ямаатай байсан. Өглөөний таван цагт босоод л ямаагаа тууж аваачиж саалгачихаад, буцаагаад л туугаад явна. Тэгээд л хөдөлмөр зусланд амарч байгаа ангийнхаа хүүхдүүдэд атаархаад л. Тэнд очих юмсан. Ангийнхантайгаа хамт байхсан гэж мөрөөдөөд л явдаг байлаа.- 10-р ангиа төгсөөд хөдөө гарчихалгүй хот бараадна гэдэг бас их асуудал байсан шүү, тийм ээ?- Тэгэлгүй яах юм. Би конкурс өгөөд дуулаачийн хуваарь авч чадаагүй. Манай сургуулийн багш нар намайг дуучин бол гээд л байсан. Миний дуулах авъяас чинь бүүр дунд ангид орчихсон хойно илэрсэн юм. Бага ангид байхдаа би чинь хөвгүүдтэй тоглоод л юун дуулах. Тоодог ч үгүй байсан. Их дүрсгүй. Эрэгтэй хүүхдүүдтэй тоглоод, том хүний дуу дуулаад явдаг байлаа. Тэр үед цэцэрлэгт явдаггүй болохоор хүүхдийн дуу мэдэхгүй. Том хүмүүс ямар дуу дуулна, тэрийг л сурдаг байлаа. Ямар сайндаа л “Эрүүндээ цагаантай болжмор шувуу үүрийн шөнөдөө жиргээд байна, үйлийн үртэй миний л амраг үглээд суух нь зэвүүхэн байна” гэж орилоод, хашгираад дуулаад явж байхав дээ. Бага ангийн жаахан охин хичээлээ тараад харих замдаа ингэж дуулдаг. Манай ээж түүнд минь их санаа зовдог байсан юм шиг байгаа юм. Ямар сайндаа л “Миний охин наад дуугаа битгий дуул. Хүүхдийн дуу гэж байдаг юм. Багш чинь зааж өгнө” гэж байхав дээ. 10-р анги төгсөөд сургуульд орж чадаагүй намайг ах маань хөдөө гаргаж ээжид туслуулах гээд л. Би багаасаа мал хариулж, үргэлж мал мал гэсээр байгаад аймаар дургүй. Нүдээ тас аниад л зугтдаг байхад намайг урлагийн гавьяат зүтгэлтэн “Жонон хонгор”-ын Л.Дашням багш маань театрт хөтөлж аваачин дуучин болгож өгсөн юм.- Хэнтийн чуулгад та хэр удаан дуулсан юм. Тэнд байхдаа нөхөртэйгөө гэр бүл болсон уу?- Би дөрвөн жил болсон. Тэнд ерөөсөө шинэ дуу дуулаагүй. Дандаа л хуучны ардын дууг үндэсний хөгжимтэй дуулдаг байлаа. Тэгээд уг нь жилийн дараа хот руу сургуульд явах төлөвлөгөөтэй байсан ч яг сургуульд явах болсон чинь нөхөртэй болоод, жирэмсэлчихсэн. Тэгээд л багш маань намайг “Чи ёстой хэзээ ч суруульд орж чадахгүй, хохь чинь” гэж хэлээд л явж байсан. Би ч нээрээ л өнгөрч байгаа юм байна даа л гэж бодож байлаа. Тэгээд миний муу хүү чинь гарсан, одоо энэ дуулаад байгаа. Эмэгтэй хүн жирэмсэн болоод 21 хоногтойгоос хүүхэдтэйгээ ярьж эхлэх хэрэгтэй байдаг гэнээ. Ээжийнх нь яриа, байгаа орчин хүүхдэд нь шууд нөлөөлдөг. Тийм болохоор миний урлаг уран сайхны тэр ертөнц хүүд маань нөлөөлж ийм хөөрхөн дуулаад байгаа юм болов уу гэж бодоод байгаа шүү дээ.
– Нөхөр чинь тухайн үед юу хийдэг байсан юм бэ?- Манай нөхөр дээд сургууль төгсөөд ирсэн мундаг инженер хүн байсан. Офицер хувцастай, гоё залуу. Хадмууд бас урлагийн хүмүүс. Аав нь урлагийн гавъяат зүтгэлтэн Гомбо гэдэг хүн байдаг юм. Бид хоёр гэхдээ бүр аймгийн театрт орохоос өмнө танилцчихсан байсан. Урд нь Өмнөдэлгэр суманд тоглолт үзээд сууж байхад нь би харж байсан юм. Заяаны хань гэдэг чинь бие биенээ олдог юм байна лээ, хаа ч явсан тааралдчихаад байдаг.- Нөхрийг чинь таны менежер хийдэг гээд байсан. Одоо юу хийж байгаа вэ?
Миний ажилд ерөөсөө оролцдоггүй. Чухал тоглолтонд бол мэдээж ар талыг хариуцна. Ямар ч хүний нөхөр тэгдэг шүү дээ.
– Хүүгээ та албадсаар байгаад дуучин болгочихсон уу?- Бага байхад нь би хүүгээ дуулуулах гээд л гуйдаг байсан. Миний хүү их хөөрхөн дуулдаг байсан юм. Тэгээд л би тоглолтондоо оруулах гээд л. Албан хүчээр дуулуулах гэлээ гээд бас гэр бүлийн асуудал үүсч байгаа юм чинь. Манай нөхөр хүүхдээ өмөөрөөд л “Чиний тоглолтонд заавал дуулах ёстй юм уу” гээд л, нөгөөх нь уйлаад л. Би дуулуулчих гээд л аав, ээж, хүү гурав чинь бөөн юм болдог байлаа. Тэгээд сүүлд нь намайг одоо хичээл номондоо анхаар гэсэн чинь “Би дуулна” гэж зөрөөд. Тэр үед чинь С.Жавхлан дуулж эхлээд л хүүхэд болгон С.Жавхлан шиг дуучин болно гэдэг л үе байлаа. Миний хүү ямар ч дууг сонсоод л шууд сурдаг байсан. Намайг дуурайж биш С.Жавхланг дуурайж дуулсан юм шүү дээ. Орчин их нөлөөлдөг юм байна лээ. Би хүүгээ заавал дуучин болгох гээд байсан юм байхгүй. Одоо миний хүү МУИС-ийн эдийн засгийн хоёрдугаар дамжааны оюутан.
– Та ганцхан хүүхэдтэй. Дахиад хүүхэд гаргах уу?- Гаргана аа. Одоо би залуу байна шүү дээ. Гэхдээ ер нь ухаан муутай олон хүүхэдтэй байснаас ухаантай цөөн хүүхэдтэй байсан нь дээр байх аа. Аав ээжүүд хүүхдээ ямар ялгах юм биш. Бүгдийх нь төлөө өөрийгөө бартлаа л зүтгэдэг.- МУГЖ Болормаа, С.Эрдэнэцэцэг та гурав эх үрсийн баяраар хамтарч тоглолт хийдэг байсан. Тэрний санааг анх хэн гаргасан юм бэ. Энэ жил тэр тоглолтоо хийх үү?- Анх би гаргасан. Нэг үеийн дуучид учраас нөгөө хоёртоо санал тавиад хамтарч ажиллаж эхэлсэн. Бид гурав чинь Монгол орноо тойрсон тоглолт хийсэн. Хоёр ч том тоглолт тавьсан. Тэгээд л тус тусдаа уран бүтээлчид болохоор уран бүтээлээ хөөгөөд л явцгаасан. Би өөрийнхөө уран бүтээлийг жил бүр тоглодог байснаа сүүлийн үед хүүтэйгээ хамтраад нэг жил өнжөөд тоглолтоо хийдэг болсон. Хүүгээ дэмжье гэдэг бодол байгаа. Мэргэжлийн чиглэлээр нь суралцуулна. Дуучин хүн заавал мэргэжлийн чиглэлийн үнэр байх хэрэгтэй. Хүү маань одоо дөнгөж 19 нас л хүрч байна. Тиймээс мундаг мэргэжлийн дуучны хэмжээнд миний хүүгээс уран бүтээл нэхэж болохгүй. Миний хүү бол зүгээр л дуулах дуртай хүн. Өнгөрсөн жил би хүүтэйгээ хамт тоглолтоо хийж байхдаа сандраад л хувцсаа солихдоо хүртэл хүүгийнхээ дуулж байгаа дууг сонсоод л байсан чинь манай хүү орж ирснээ “Ээж та юундаа сандраад байгаа юм бэ, бараг чичрээд л байх юм. Та юундаа айгаад байгаа юм, өчнөөн жил дуулчихаад” гэхээр нь би “Үгүй ээ, би чамаас айгаад байна” гэсэн чинь “Би чадна ш дээ. Тайван байгаач ээ, та” гэсэн. Тоглолт дундаа орж өндөрлөх дөхөөд ирэхэд би хүүгээрээ үнэхээр бахархсан. Миний хүү хэзээний мундаг дуучин шиг тайзан дээр биеэ авч яваад л. Хүнийг татах, хайрлуулах хүч хүүд минь байгааг анзаарсан.- “Эрдэнэцэцэг, Болормаа, Энхзул гурав гоо сайхандаа анхаарч залуу охид шиг болох зорилго тавьжээ. Эрдэнэцэцэг нь нөгөө хоёрыгоо Япон хоолны дэглэм бариулж байгаа” гэсэн гээд л яригдаад байсан. Нээрээ л та их турсан байна. Их залуухан харагдаж байна ?
Тэр худлаа. Хэзээ ч Эрдэнэцэцэг бид хоёрыг Япон хоолны дэглэм барь гэж хэлж байгаагүй л дээ. Бид олны нүдний өмнө байгаа, Монголын бүсгүйчүүдийн төлөөлөл, олон олон бүсгүйчүүд биднийг харж, дуурайж байгаа. Тийм учраас сайхан байх хэрэгтэй. Нэг хэсэг бид нэлээд их махалсан. Хүүхэд гаргаад л. Тэгээд л урлагийнхан чинь хөдөө гадаа явна. Тэр бүр хоолондоо анхаарал тавиад байж чадахгүй. Хэзээ зав гарна, тэр үед нь хоол иднэ. Хөдөө тоглолтоор их явна. Хөдөө айлд оччихоод ярвайгаад л суугаад байлтай биш. Манай хөдөөнийхөн ямар билээ дээ. Оччихоод л ямар “Би мах идэхгүй” гээд ярвалзаад байлтай биш. Олдсоныг нь л идэж байгаа юм чинь. Эрдэнэцэцэг яаж жингээ барьж байгааг би мэдэхгүй. Манай Болороо бол усанд маш сайн сэлдэг. Би бол ёстой янз янзаар үзэж байж, маш их хөдөлмөр зарж байж турсан. Маш их мөнгө зарна. Олон олон үеийнхэнтэй би хамтарч дуулна гэж бодож байгаа. Хүүгийнхээ үеийнхэнтэй ч би хамтарч дуулна. Тэр хүрээнд багтаж гоё байхын тулд маш олон зүйлээ хорино. Дургүй зүйлээ ч иднэ. Тэгж байж эмэгтэй хүн гоё сайхан байна. Хамгийн их хорих юм гурил будаа байдаг. Ер нь гурил будаа хоёрыг эмэгтэй хүн бүр идэхгүй болчихвол зүгээр. Мах бол хамаагүй ээ, гэхдээ бага идэх хэрэгтэй. Махнаас бол би хэзээ ч гарахгүй ээ. Одоо би яг жиндээ л байгаа. Бас хэтэрхий жаахан охин шиг болчихолтой биш. Гэхдээ л ер нь эмэгтэй хүн араасаа андууруулдаг л байх хэрэгтэй. 18-тай юм шиг. Зөрөөд харахад эгээ л байх ёстой.- Хувцсанд та хэр их мөнгө зарах уу. Тоглолтын даашинзнууд олон биз?- Хувцсандаа би маш их мөнгө зардаг. Тайзныхаа хувцсанд их анхаардаг. Дандаа гадаадаас брэндийн хувцас авдаг. Жирийн амьдрал дээрээ зүгээр л энгийн чөлөөтэй хувцаслах дуртай. Тэгэхдээ бас жаахан ориг. Миний тоглолтын даашинзнууд 30 гарчихсан. Яг тоолж үзээгүй юм байна аа. Хүн ерөөсөө амьдралын замыг дандаа өгсөж явдаг байх хэрэгтэй. Нөгөө л таван жилийн өмнө, хоёр жилийн өмнө өмсөж байсан хувцсаа өмсөөд явж байвал тэр хүн байрандаа л байгаад байжээ гэж хүн бодно.- Үнэт эдлэл цуглуулдаг уу?- Үнэт эдлэлийг залуу байхдаа сонирхдоггүй байсан. Одоо бас нас ч жаахан явж байна. Хүмүүс ч өмссөн зүүснээр нь дүгнэдэг болчихсон цаг юм. Тийм болохоор жижигхэн, чамин хийцтэй цагаан алт цуглуулдаг. Аймаар том шар алтанд дургүй. Би төмрийн харшилтай. Би нөхөртөө “Миний бие дандаа сайн эдлэл зүүх ёстой, тавилантай болохоор ингэж харшлаад байгаа юм. Дандаа мөнгө, мөнгөнөөс дээш үнэт эдлэл зүүх заяатай” гэж онгирдог юм. Тоглолтын зүүлт ч гэсэн дандаа мөнгө, үнэт чулуу байдаг.- Та ер нь нөхөртэйгөө муудалцдаг уу?
– Амьдарч эхлээд удаагүй байхдаа муудалцдаг байсан. Хоёр өөр орчинд өссөн, суурь хүмүүжил өөр хүмүүс чинь нэг гэрт орохоороо жаахан таарамжгүй байдаг. Тэгээд хоёр гурван шат байдаг юм билээ. Тэрийгээ давчихвал болно. Давж чадахгүй нь сална. Бид хоёр муудалцана аа. Гэхдээ нэг их сүрхий муудалцаад л аяга тавгаа авч шидээд байдаггүй. Би угаасаа тийм муйхар ууртай биш. Зарим хүүхнүүд ярьдаг юм. Хамаг юмаа авч шидээд гээд. Тэр шидэж байгаа зүйлүүдэд ч гэсэн өөрийнх нь хөдөлмөр байгаа шүү дээ. Би яаж ч уур хүрсэн эд хогшлоо авч шидэхгүй. Уурлалгүй л яахав, ямар меланхолик хүн биш. Би бас их түргэн ууртай, уурлаад л бүх хэлэх гэсэн үгээ хэлээд л мартчихдаг.
– Та хадмындаа анх яаж очиж байв. Сандарч байв уу?- Сандралгүй яахав. Манай нөхөр намайг бодвол байр сууриа олчихсон, дээд мэргэжилтэй. Барилгын инженер хүн. Бүх юмаа бэлдчихсэн. Том таван ханатай гэртэй. Гэр дотроо тавилгаа бэлдчихсэн. Өргөн ор, хоёр дэр тавиад ганцаараа унтдаг байсан гэсэн. Тэгээд л гэрийнхэн нь “Энэ одоо хэзээ авгайгаа авах юм бол” гээд л байсан гэсэн. Тэгсэн чинь чуулгын дуучин, хөдөөний бор охинтой суучихсан чинь “Энэ одоо яахаараа ийм юмтай суучихдаг байна аа” гээд л намайгаа голж байсан юм шиг байна лээ шүү, хэхэ. Тэр үед 700 гаруй төгрөгний цалин гэдэг чинь маш их мөнгө, манайх гэдэг айлын хангалуун амьдралын эхлэл болж байсан юм. Тухайн үед өнгөт зурагт 9000 гаруй төгрөг байхад манайх л ганцаараа “Монел”-ийн өнгөт зурагттай. Тэр болгон хүн авч чаддаггүй. Манай нөхөр онгоцоор өнгөт зурагттай ирээд л. Манайд хүмүүс ирж “Халтар царайт” үзээд л. Амьдрал ингэж эхэлж байсан. Манай нөхөр намайг олны танил болчихсон хойно суусан юм биш. Ёстой хэн ч биш, дуу хууранд дуртай, дуулах гэж оролддог, дуулж чадах ч юм уу үгүй юм уу гэдэг нь тодорхойгүй, тийм замаар явж байхад л намайг авч суусан. Тийм болохоор би нөхрөө маш их хайрлаж, хүндэтгэдэг. Тэр чинээгээрээ манай гэр бүл бат бөх байдаг. Хүмүүсийн ярьдгаар олны танил болчихсон хойноо гэр бүл зохиосон бол их хэцүү байх байсан байх аа.
– Та хурим хийсэн үү. Хөдөөнийхний хурим их гоё болдог доо?- Хийлгүй яадаг юм. Томоо байшин бариад, сайн өдрөө амжиж орох санаатай хоёулаа л зүтгээд байсан. Хурим болох гэж байхад бид хоёр шөнөжингөө байшингийхаа засварыг хийчихсэн, хоёр халтайсан юмнууд сууж байсан. Өглөөний таван цагт би шүлсээ гоожуулчихсан унтаж байсан гэдэг. Тэгээд л 10 цагт найр эхэлсэн. Хоёр аймаар царайтай ядарчихсан хүмүүс урт ширээнийхээ голд суучихсан бичлэг нь байдаг юм. Одоо хүртэл тэр бичлэг бид хоёрт байгаа, хааяа үздэг. Ийм л амьдралын замыг тууллаа даа.
– Ээж рүүгээ явж байна уу. Хотод орж ирэхгүй гэнэ үү?- Ээжийгээ хотод суурьшуулах гээд хоёр өвөл хотод өвөлжүүлсэн. Идээшихгүй юм билээ. Хөдөө л байх дуртай. Манай ээж надаас хөнгөхөн. Гүйж харайх нь холгүй л малынхаа араас явна. Одоо 90 хүрэх гэж байгаа ч надаас өндөр. Том биетэй, гунхалзсан гоё хүүхэн байсан. Ээжийгээ ямар сайхан хүүхэн байсныг би сүүлийн хэдэн жил л мэдсэн. Тэр хэцүү цагт бид тавыг бүгдийг нь боловсролтой болгосон буянтан даа.- Та гоо сайхны мэс засал хийлгэх үү?
– Хийлгэнэ ээ. Би нөхөртөө хэлээд байгаа. Мөд удахгүй хийлгэнэ. Гоё нүүрний өргөлт хийлгэнэ. Хамгийн гол нь жингээ л хэвэнд нь байлгах хэрэгтэй. Би гоо сайхны мэс заслыг 100 хувь дэмждэг. Манай монгол хүүхнүүд өөрийгөө гаргуунд нь гартал нь, нуруугаа бөгтийтөл амьдралынхаа төлөө зүтгэдэг. Ээж аав, хань ижил, үр хүүхдийнхээ төлөө зүтгэж зүтгэж нэг өдөр унаад л өгнө, тэгэхэд бүх зүйл өнгөрчихсөн байдаг. Арай дэндүү биеэ хаядаг. Өөрийгөө заавал анхаарч, өөртөө хөрөнгө оруулалт хийдэг байх хэрэгтэй. Бүх юмыг өөрөө нуруун дээрээ үүрдэг, өөртөө маш их ачааллыг авдаг. Хүн бүхэн өөрийгөө аваад явж чадна. Тэгэхэд “Энэ чадахгүй ээ, намайг л байхгүй бол өнгөрнө” гээд урдуур нь гүйгээд байдаг. Нөхрөө шүүгээнээсээ оймсоо олохоо больтол нь эрхлүүлдэг. Нөгөөх нь оймс хаана байна аа гээд л зогсож байдаг. Нөхрөө хооллож эрхлүүлсээр байгаад үдээсээ ч өөрөө үдэж чадахааргүй болгож орхидог. Миний нөхөр тийм биш. Хэзээ ч өөрийнхөө эд материалыг хүнээс асуудаггүй. Манай хүүхнүүд өөрсдөө эрчүүдээ тийм арчаагүй болгодог. Бүх юмыг нь бэлдээд л. Зарим хүүхнүүд “Манай нөхөр надаас уйдсан, нууц амрагтай болсон” гэж гомдоллодог. Гэтэл нөхөр нь түүнд дурлаад л, хайрлаад л авч суусан байж таараа шүү дээ. Уйдахын эхлэлийг өөртөө анхаарахгүй байгаа бүсгүйчүүд өөрсдөө тавьдаг. Хайрт нь байх ёстой байтал ээж нь юм шиг болчихдог. Хайр нь үргэлжийн мөнхөд гоё харагдах , бүр содон сонин байх хэрэгтэй. Би нөхрөө байнга цочоодог. Заримдаа бүр жаахан охин шиг хувцаслаад зогсож байдаг. Юу вэ гээд л, гэхдээ л “Хөөрхөн байна” гэдгийг байнга хэлдэг. Ханьдаа ээж нь юм шиг байх үе байдаг л даа. Хань минь өргөмөл. Өргөж авсан ээж нь байдаг. Тийм болохоор заримдаа ээж шиг байх хэрэг надад гардаг. Түүнээс биш байнга үглээд л “Энийгээ гээчихэв дээ. Тэрийгээ мартав, энэ чадахгүй ээ” гээд байх юм бол эрэгтэй хүн дороо уйдна.- Та тэгвэл жинхэнэ халуухан бүсгүй байж чаддаг юм байна даа?
– Тийм. Эмэгтэй хүн эр нөхөртөө сайхан, үргэлж халуухан эмэгтэй харагдах ёстой. Гоё гоё дотуур хувцас өмсөөд л, сонирхолтой байх хэрэгтэй. Эрчүүд ч гэсэн эхнэрүүдээ будаггүй байхдаа хөөрхөн байна гэдэг л дээ. Гэтэл яг үнэндээ бол гадаа гараад л гоо сайхны мэс засал хийлгэчихсэн хүүхэн явж байхад тэрийг нь ч мэдэхгүй хараад л, харц унагаад л явдаг. Ямар гоё юм бэ гээд л. Сайхны өмнө харц буруугүй л дээ. Би ч гэсэн гудамжаар сайхан залуу явж байх юм бол харна.- С55ексийг сонирхолтой байлгах нь гэр бүлийн тогтвортой байдалд их нөлөөлдөг байх тээ?
Тэр бас чухал. Гэр бүлийн хүмүүс ямар байвал их гоё таашаал авах вэ, ямар байвал аз жаргалтай байх вэ гээд л. Тэр амьдралаа бат бэх байлгахын тулд байнга л суралцах хэрэгтэй. Гэр бүлийн хамгийн л нандин зүйл шүү дээ. Тэгэхээр хүн бүхэн л цаг үетэйгээ нийлж амьдралаа гоё байлгах нь том асуудал.- Зарим хүмүүс “Ганцхан нөхөртөө, эсвэл эхнэртээ үнэнч явсаар хорвоог туулна гэж байхгүй. Заавал нууц амраг байдаг” гэдэг. Үүнийг та юу гэж ойлгодог вэ?- Энэ бол утгагүй зүйл. Амьдралынхаа төлөө зүтгээд явж байхад нэгнийхээ сэтгэлд хар толбо үлдээх нь эргээд эхнэртээ, нөхөртөө баригдсан тохиолдолд хэзээ ч аз жаргалтай байж чадахгүй. Уучилсан байлаа ч мартдаггүй. Байх ёсгүй зүйл. Гэхдээ бидний амьдралын эргэн тойронд энэ зүйл байгаад байна.- Таныг Болормаа, С.Эрдэнэцэцэг хоёртой нийлээд аймгийн цолтой бөхчүүдтэй амралтанд зугаацав гэсэн нийтлэл хэдэн жилийн өмнө гарч байсан. Танай нөхөр яаж хүлээж авсан бэ?- Яг намайг ид дуулж байх үед миний ханийг олон хүн их ч зовоосон. “Танай эхнэр хаана юу хийж явааг мэдэж байна уу” гээд л. Бидэнтэй хамт явж байгаа эрэгтэй дуучдын эхнэрүүд ч гэсэн харддаг л байсан. Бид гурвыг тэгж бичсэн байсан. Тэр ор үндэсгүй зүйл байсан л даа. Тэрнээс чинь болж нэг бөх залуугийн эхнэрт зөндөө доромжлуулсан. Хөөрхий амьтан аймгийн цолтой бөхчүүдийг яаж ч чадахгүй гээд бид хоёртой холбоод биччихгүй юу. Улсын цолтой бөхөөс айгаад бичихгүй шүү дээ. Хэн ч билээ, нөгөө бөхчүүдийн нэрийг нь ч санахгүй байна. Манай нөхөр бол намайг мэднэ. Айл гэрт бат бөх итгэл байх хэрэгтэй.
– Та бүр юугаа ч мэдэхгүй болтлоо согтож үзсэн үү?- Ёстой үзээгүй. Болороо бид хоёр ярьдаг юм. “Хүүе, тасрахаар чинь бүр юугаа ч мэдэхгүй их сайхан болдог гэж байна лээ ш дээ” гээд л. Хүн дандаа л юм боддог. Унтахдаа ч гэсэн амардаггүй шүү дээ. Заримдаа хоёулаа согтож үзэх юмсан гэж дэмийрдэг юм.- Танд огт танихгүй хүнээс бэлэг, хайрын захиа ирж байсан уу?Бэлэг зөндөө ирнэ. Хамгийн наад зах нь л цэцэг явуулна. Урлагийн буянаар би олон газраар явж их ч бэлэг авч байсан. Миний фенүүд хэзээ ч хувиршгүй. Яг л миний үеийнхэн, надаас ах эгч хүмүүс байдаг. Олон ч хүний хайр дурлал, баяр гунигийг миний дуунууд тайвшруулдаг даа.
– Та эрчүүдийг их магтаж дуулдаг?Манай бүсгүйчүүдийн зарим нь “Монгол эрчүүд ёстой бүдүүлэг, гадаад хүнтэй сууна” л гэдэг. Яг үнэндээ бол монгол эрчүүд шиг сайхан эрчүүд хаана байна аа. Ямар гоё эрч хүчтэй, хийморь золбоотой, тэнхлүүн алхаатай гээч. Эрчүүдийг сайхан явуулах хүүхнүүдээс л шалтгаална. Эрчүүдээ дандаа магтах хэрэгтэй. Манай монгол эрчүүд шиг, сайхан бөхчүүд шиг залуус хаана байна. Азийн эрчүүд бүр ч инээдэмтэй. Бээвийж бээцийсэн, үлээвэл ойчоод өгмөөр юмнууд байдаг биз дээ. Тэгэхэд манай монгол эрчүүд цаанаа л өөр. Үнэхээр дээд заяанд төрсөн хүмүүс. Чин сэтгэлээсээ илэн далангүй ярилцсанд баярлалаа. Танай гэр бүлд болон танд сайн сайхныг хүсье.Л.Оюу http://www.bolod.mn/News/5929

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *