Uncategorized

Дөрвөн настай Т.Сийлэн: Дээл өмсөх гоё

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” ХХК хамтран зохион байгуулж буй “Дээлтэй монгол наадам” Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Энэхүү уламжлалт наадам нь монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлах, үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо түүх, соёл, уламжлалаа өвлүүлэн үлдээх, нийслэл Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох зорилготой юм. Энэ жилийн наадамд нийслэлийн есөн дүүргийн иргэдээс гадна зургаан аймгийн төлөөлөл хүрэлцэн ирж, баярын жагсаалд оролцсон юм. Нийтдээ 8000 гаруй оролцогч үндэсний хувцсаараа гоёж жагссан юм. Наадмыг сонирхох гадаадын жуулчид цөөнгүй байлаа. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Энэ жилийн “Дээлтэй монгол наадам” өргөн дэлгэр, сайхан болж байна. Нийслэл, дүүрэг, хороодын иргэд өргөнөөр оролцож байна. Мөн төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, цэцэрлэг, сургуулиуд, Монголын хүүхдийн ордны авьяаслаг сурагчид маань үндэсний хувцсаараа гоёж, оролцлоо. Морьт харваачдын төлөөлөл, Монголын бөөгийн холбоо зэрэг маш олон төлөөлөл оролцсоноороо онцлог болж байна. “Дээлтэй монгол наадам”-д оролцогчдоос шилдгүүдийг шалгаруулна. Ингэхдээ шилдэг дүүрэг, шилдэг байгууллага, шилдэг хос, шилдэг хүүхэд, бүжгийн аяны шилдэг оролцогч, шилдэг дээл урлаач зэрэг номинациар тодруулах юм. Түүнчлэн энэ жилийн “Дээлтэй монгол наадам”-аар залуучууддаа зориулж Дээлтэй диско арга хэмжээг зохион байгуулж байгаа. 18:00-20:00 цагийн хооронд шинэ үеийн залуучуудад зориулсан дуу хөгжмийн хөтөлбөрийг оруулсан байгаа” хэмээн өгүүллээ. 16 дахь удаагаа зохион байгуулж буй “Дээлтэй монгол наадам”-д оролцогчдын сэтгэгдлийг сонслоо. Сүхбаатар дүүргийн иргэн Э.Батбилэг, Б.Болорцэцэг: -Бид гэр бүлээрээ анх удаа “Дээлтэй монгол наадам”-даа оролцож байгаадаа маш их баяртай байна. Монгол хувцсаараа гоёод нийслэлийнхээ төв талбайд алхана гэдэг бахархмаар сайхан байдаг юм байна. Бидний өмссөн энэ хувцас бол бид хоёрын хуримын хувцас. Дөрвөн жилийн өмнө хуримаа хийхдээ оёулсан хувцсаараа энэ жилийн наадамд оролцож байна. Сэтгэгдэл өндөр байна. Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Ц.Оюун-Эрдэнэ: -Манай гэр бүлийнхэн “Дээлтэй монгол наадам”-д анх 2016 онд оролцож байсан. Энэ жилийн хувьд хоёр дахь удаагаа энэ наадамд гэр бүлээрээ оролцож байна. Бид 2016 онд оролцохдоо гурван хүүхэдтэй байсан. Энэ жилийн хувьд бүл нэмээд дөрвөн хүүхэдтэй болоод, энгэрээ “Алдарт эх”-ийн одонгоор чимээд ирсэндээ баяртай байна. Монгол ёс заншил, өв соёлоо дээдлээд оролцож байгаа олон хүмүүсийг харахад сайхан байна. Баярын жагсаалд оролцоод алхаж явахдаа үндэсний хувцас дээлээрээ, өв соёлоо дээдэлсэн монгол түмнээрээ бахархаж байлаа. Гэр бүл, хүүхдүүдээрээ бахархаж байлаа. Үнэхээр сайхан байна. Сурагч Ө.Гэгээн-Анир: -“Дээлтэй монгол наадам”-д оролцсондоо үнэхээр баяртай байна. Монгол ард түмэндээ наадмын баярын мэнд хүргэе. Сайхан наадаарай. Дөрвөн арвайт брэндийн үүсгэн байгуулагч Д.Тулга: – Манайх үндэсний дээл, хувцас урладаг салон байгаа. Энэ жилийн наадмаас харахад монголчууд үндэсний биет соёлоо ихэд эрхэмлэн авч үздэг болжээ. Сайхан өргөн дэлгэр наадам болж байна. Эгч дүүс Б.Эгшиглэн, Б.Энхрийлэн: – “Дээлтэй монгол наадам”-д анх удаа оролцож байна. Сэтгэгдэл маш сайхан байна. Бид хоёр Сүхбаатар аймгаас оролцож байгаа. Өнөөдөр олон төрлийн хувцас харахад үндэсний хувцсаараа бахархах сэтгэл төрж байна. Би ямар нэг баяр, үйл явдлаар дээлээ гаргаж өмсдөг болохоор олон дээлтэй хүн зэрэг харахад бахархам байлаа. Дөрвөн настай бяцхан оролцогч Т.Сийлэн: -Сая би жагсаалд алхсан. Ёстой гоё байна. Бас дээл өмсөх гоё. Сайхан наадаарай, ах эгч нар аа, бас найзууд аа. 52 дугаар сургуулийн сурагч Т.Тансагмэргэн: -Дүүргүүдийн Скаутын холбооноос манай Хан-Уул дүүргийн холбоо энэ наадамд оролцож байна. Дээлтэй наадмыг дагалдуулаад манай холбоо бэсрэг наадам зохион байгуулж байгаа. Хүүхдүүдийг бөх барилдуулж, шагайн харваа зохион байгуулсан. Мөн шагайгаар хурдан морь уралдууллаа. Монгол ёс заншлаа хүүхдүүдэд таниулж байгаад баяртай байна. Жагсаалд анх удаагаа алхлаа. Үндэсний хувцсаа өмсөөд алхаж яваа монголчуудыг гадаадын жуулчид сонирхон баясаж байгааг харахад бахархалтай байсан хэмээн өгүүллээ. “Дээлтэй монгол наадам” бүтэн өдрийн турш үргэлжлэх бөгөөд наадамд оролцогчдоос шилдгүүдийг тодруулна. Мөн “Дээлтэй диско” буюу орчин үеийн залуучуудын дуртай дуучид, хамтлаг, DJ нарын тоглолт болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *